УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуульд оролцох нам, эвсэл сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн заалттай. Энэ дагуу Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас 27 нь мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаанд нь хүргүүлсэн.

 

2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөртөө аудитын дүгнэлт хийлгэсэн нам, эсвлүүдийн дийлэнх нь хуулийн шаардлагад нийцээгүй мөрийн хөтөлбөр боловсруулжээ.

Тодруулбал, МАН, АН, МАХН, ШИНЭ намын эвсэл зэрэг 4 эвсэл, 8 намын нийт 12 мөрийн хөтөлбөрт 5 хоногийн дотор зөрчлийг арилгах дүгнэлтийг Үндэсний аудитын газраас хүргүүлсэн байна. Энэ удаагийн сонгуульд 15 нам, 4 эвсэл оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бөгөөд тэдний 63 хувь нь хуульд нийцээгүй мөрийн хөтөлбөртэй байжээ. 

Үндэсний аудитын газраас УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хянаад Зон олны нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Дэлхийн монголчуудын нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орон нам, Ард түмний олонхийн засаглал нам, Ард түмний намын мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэжээ.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын дээд байгууллага хянаж, дүгнэлт гаргахаар заасан.

Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт нийт 15  нам, 4 эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн бөгөөд нам, эвслээс ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах чиглэлийн хүрээнд дүгнэлт гарган 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

  1. Улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон заалт байгаа эсэхийг хянах;
  2. Мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх;
  3. Мөрийн хөтөлбөрт орсон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэхийг тус тус хянаж дүгнэлт гаргана.

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тухай дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгуулж, дахин дүгнэлт гаргахаар заасан гэж Үндэсний аудитын газраас мэдээллээ.