Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албанаас АН-ын даргын ахлах зөвлөх гэсэн сэтэртэйгээр “төрхөмдөө буцаж” ирсэн З.Энхболд “Тавантолгойг харьд алдах гэж байхад нь авч үлдсэн” гэсэн пиар хийж, баатрын дүрд тоглох болоод хэдэн жилийн нүүр үзэж байна.

Угтаа тэр Тавантолгойг авч үлдсэн биш, том төслөө хөдөлгөх төр, засгийн бодлого шийдвэрийн эсрэг л зогссон, хувийн эрх ашгаа улсынхаас дээгүүр тавигч нэгэн билээ.

Стратегийн орд Тавантолгой үнэхээр харьд очих гэж байсан үе бий. Тэгэхэд З.Энхболдын ярьж байгаа шиг Монголын Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөлд хөрөнгө оруулалт босгох бодлого, шийдвэрийн хүрээнд бус, зүгээр л нэг наймаачин лицензийг нь зарах гээд худалдаж авах хүн хайж явсан, бүр БНХАУ-ын төрийн өмчийн компанид зарахаар үнэ хөлсөө тохирч, санамж бичиг байгуулаад, мөнгөө өгч, авалцах дээрээ тулаад байсан юм. Итгэхэд бэрх ийм явдал саяхных хэдий ч олон нийт аль хэдийн мартаад, З.Энхболдыг Тавантолгойн цорын ганц аврагч гэдэгт итгээд сууж байна. Үнэн хэрэгтээ стратегийн ордыг жинхэнэ утгаараа харийнхны мэдэлд өгөх гэж байхад нь авч үлдэж, төрд буцаасан хүмүүс нь нийгэмд нэр муутайхнаар дурсагддаг иргэний хөдөлгөөнийхөн билээ. Сануулах үүднээс түүх сөхье.

2000-аад оны эхэн үед Тавантолгойн лиценз "BHB Billiton”-ы эзэмшилд байв. Тэр үед "BHB Billiton”-ы Австрали дахь уурхай үерт автаж долоон тэрбум ам.долларын хохирол амссан, мөн дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсөөгүй, уг бизнес өнөөгийнх шиг сонирхол татдаггүй байсан учраас дэлхийн гегант компани лицензийг Засгийн газарт буцааж өгснөөр Тавантолгой тойрсон урт түүх, ашиг сонирхлын зодоонууд эхэлжээ. Эзэнгүй болсон лицензийг чөлөөндөө гарсан цэргийн офицер Батсайхан гэгч яаж байгаад ч юм бэ “Майн инфо” компанийнхаа нэр дээр авч. Батсайхан уул уурхайн бизнес хийх санаатай хөрөнгө оруулагч нэлээд хайсан ч коксжих нүүрс үнэгүй байсан тул ашиггүй салбар гэж үзээд сонирхох хүн олдсонгүй.

Лицензийнхээ төлбөрийг төлж чадахаа байж, хураалгах дээрээ тулсан Батсайхан тухайн үеийн ГХЯ-ны дэд сайд, МАХН-ын УЗ-ийн гишүүн Сү.Батболдтой уулзаж, “Энэ орд дээр хамтарч ажиллая. Та гадаад харилцаа сайтай хүн, хөрөнгө оруулагч олоход тусал” гэсэн байна. Сү.Батболд лицензийн төлбөрийг төлж, “Майн инфо” компанийн 80 хувийг, өөрөөр хэлбэл Тавантолгойн ордын 80 хувийг эзэмшив. Тэр үед “Бороо гоулд”-ыг зарчихсан, лицензийн наймаагаар гаршиж явсан Сү.Батболд Тавантолгойн ордод хөрөнгө оруулалт хайсан нэртэй боловч зарах сонирхол өвөртөлж байжээ.
Хятад Улс төрийн бодлогоор гангийн үйлдвэрлэлдээ ач холбогдол өгч, дэлхийд өрсөлдөх зорилго тавьсан учраас коксжих нүүрсний хэрэглээ нэмэгдэн, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн 2005 онд Сү.Батболд “Шинхуа”-тай холбогдов. Хятадын төрийн өмчит номер нэг компани “Шинхуа” Тавантолгойг сонирхож эхэлсэн хэрэг. 2005 оны сүүлч гэхэд тэд үндсэндээ тохиролцоонд хүрч, Тавантолгойг “Шинхуа”-д зарах хэлцэл хийн, санамж бичигт гарын үсэг зурсан байлаа. Дараагийн удаа Бээжинд уулзаж, мөнгө төгрөгөө өгч, авалцахаар тохиролцоод, наймаа амжилттай болсон тул хэлмэрчилсэн орчуулагчдаа ажлын хөлс 80 мянган ам.доллар өгөхөөр амласан гэдэг.

Гэтэл Сү.Батболд орчуулагчдаа өгөх мөнгөө өгөлгүй луу унжиж, үүнээсээ болоод хоорондоо муудсанаар Тавантолгойн ордыг хятадуудад зарах гэж буй баримтууд нь иргэний хөдөлгөөнийхнийг командалж байсан Н.Дугарын гарт орсон байдаг. 2005-2006 он бол иргэний хөдөлгөөнүүдийн оргил үе. Иргэний хөдөлгөөнүүдийг далдаас удирдаж, эсэргүүцлийн жагсаал цуглаанаараа ярих сэдэв санааг нь хэлж өгдөг хэмээгддэг Н.Дугар тухайн үед “Тавантолгойн Батболд” гэсэн нийтлэл сонинд бичүүлж, “Хан буурал аавын минь нутгийн хагас нь Хятадынх болох нь” гэж иргэний хөдөлгөөнүүд талбай дээр хашхирч эхэлснээр Тавантолгойг хятадуудад зарах гэж буй асуудал олон нийтийн анхааралд орсон түүхтэй. Сонинд уг нийтлэл гарсны дараа иргэний хөдөлгөөний зохицуулагч Г.Арслан “Тавантолгойг хятадуудад зарах гэж байна. Тавантолгойгоор Улаанбаатар шиг 34 хот байгуулж болно” хэмээн хашхирч байсан нь олон түмний нүдэн дээр өрнөсөн түүх билээ.

Иргэний хөдөлгөөний жагсаал цуглаанаар ярьж буй асуудал тэр дороо Төрийн ордонд хүрч, улстөрчдийг ч сандаргаж эхлэв. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил гурвыг өрөөндөө дуудаж “Энэ сонин дээрх материалыг Н.Дугар бичсэн. Та нар Н.Дугар гэдэг хүнийг мэдэх үү” гэснээр Сү.Батболд Н.Дугарын эрэлд гарчээ. Удалгүй тэднийг “Хөх толбо”-ын Эрдэнэбаатар сэтгүүлч зуучлан уулзуулсан байна. Сү.Батболд “Би намын дарга, Ерөнхий сайдын албан тушаал руу карьер хөөж явсан. Гэтэл та намайг УИХ-ын гишүүнээс өөр юмгүй үлдээлээ. Бүх юм дууссаны дараа тантай тооцоо бодно” гэхчлэн цаг шахам загнаад “Хамтарч ажиллая. Үйл ажиллагааны зардлыг би даая” гэсэн байгаа юм. Тэр үед ордыг зарахдаа улс төрийн хамгаалалт бүрдүүлэх тооцоогоор Тавантолгойн 14 хувийг “Энержи Ресурс” компани буюу тэр үеийн МАХН, АН-ын нэр бүхий 14 хүн, тухайлбал, хотын фракцаас Т.Бадамжунай, АН-аас Ц.Элбэгдорж, тухайн үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр, Г.Батхүү, П.Очирбат, С.Баярцогт, М.Энхсайхан, Ц.Цэнгэл, Д.Идэвхтэн, Батж.Батбаяр, Д.Зоригт,“Петровис”-ын Ж.Оюунгэрэл нарт эзэмшүүлэн нэгтгэсэн байв.

Н.Дугар “Чи хуулийн дагуу Тавантолгойг эзэмших эрхтэй юү, эрхтэй. Чиний ганцаараа эзэмшихийг би эсэргүүцээгүй. Би яагаад эсэргүүцэж байгаа вэ гэвэл, Монголын ард түмэнд бурхнаас өгсөн хишгийг хэдхэн хүн хуйвалдаж гадагш нь зарах гэж байгааг эсэргүүцэж байна. Чи энэ ордыг ашиглах гэж байгаа биш, хулгайчуудтай нийлж улс төрийн хамгаалалт хийлгэж байгаад 8.6 тэрбум тоннын балансын нөөцтэй ордыг 350 сая ам.доллароор “Шинхуа”-д зарах гэж байгаа. Үүнийг чинь би эсэргүүцэж байна. Энэ 14 хүнээ шахаж гаргаад, ганцаараа хуулийн дагуу, улс оронд хэрэгтэй байдлаар ашиглана гэвэл чамайг дэмжье” гэж. Харин Сү.Батболд “Би тэр 350 сая ам.долларыг ганцаараа авахгүй. 20 нь 20, 30 нь 30, 50 нь 50 саяар хувааж авна. Тэгээд жижиг, дунд үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгоно. Тэр ч бас улс оронд хэрэгтэй шүү дээ. Би мөр зэрэгцэж яваа нөхдөө шахаж гаргаж чадахгүй” гэх маягийн юм хэлж, Н.Дугар “Тэгвэл Тавантолгойгоо төрд өг. Төрд өгвөл чи ардын баатар ч болж болно” гэсэн байдаг. Ийнхүү тэд анхны уулзалтаар хэрэлдэх, хэлцэхийн завсарт үг сөргөсөөр тодорхой тохиролцоонд хүрээгүй салав. 

3-4 хоногийн дараа, 2007 оны гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр Сү.Батболдын санаачилгаар тэд дахин уулзжээ. Тэгэхэд С.Батболд “Би таны зөвлөснөөр Тавантолгойг төрд өгөх шийдвэр гаргалаа. Харин та намайг ардын баатар болгоно шүү” гэсээр ирсэн байна. Тэдний хооронд бас нэг анхаарал татахуйц яриа өрнөсөн нь Сү.Батболд “Би 51 хувиа авч, Н.Энхбаярт 49 хувийг нь өгч болж байна. Н.Энхбаяр дарга 51 хувийг аваад, намайг 49-ийг ав гээд байгаа. Би ийм байдлаар зөвшөөрмөөргүй байна” гэж. Энэ тохиролцоонд зуучилбал хувь өгнө гэж Н.Дугарт амласан гэдэг. Тэгэхэд нь Н.Дугар “Тохиролцоно гэдэг зарна гэсэн үг. Тавантолгойг зарахыг зөвшөөрөхгүй. Төрд өгснөөрөө өг” гэж шахсаар байсан гэх. Н.Энхбаяр ч Н.Дугартай уулзаж, “Сү.Батболдтой гурвуулаа уулзъя. Гурвуулаа сууж байгаад Тавантолгойн асуудлыг шийдье” гэсэн санал удаа дараа тавьсан гэдэг.

Тэдэнтэй хамтарч ажиллана, хувь авна гэдэг нь хятадуудад зарсан мөнгөнөөс хувь авна л гэсэн үг билээ. Ингээд нэлээд хэдэн удаа Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзахдаа Тавантолгойг гадагш нь зарж болохгүй гэсэн байр сууриа хамгаалсаар байсан Н.Дугар “Сү.Батболд ордыг төрд өгч магадгүй шиг байна. Та Тавантолгойг төрд авна гээд хэлчих” гэснээр Н.Энхбаяр “Тавантолгойг төрд авна” гэж мэдэгдсэн гэдэг. Н.Энхбаяр Тавантолгойн асуудалд оролцож, хүмүүсийг дуудаж уулзан, сүржин мэдэгдэл хийсэн нь зүгээр нэг тохиолдол, эсвэл эх оронч улстөрчийн алхам биш. Харин Тавантолгойгоос хувь хүртэх гэсэн санаархлынх нь илрэлүүд байв. “Монгол тулгатны 100 эрхэм” дээр Н.Энхбаяр “Сү.Батболд “Та Тавантолгойд оролц. М.Энхболдын эрх ашгийг би Бадамжунайгаар хангаж байгаа” гэсэн” гэх мэтээр ярьсан нь тухайн үед өрнөсөн олон үйл явдлын нэг л өнцөг. Угтаа Н.Энхбаяр 51 хувийг нь авах гээд, Сү.Батболд нь бас 51 хувиа авч үлдэх гээд, хувь дээрээ тохироогүй тухай дээр дурдсан. Н.Дугар ч тухайн үед телевизийн шууд ярилцлагад орох үедээ “Н.Энхбаяр, Сү.Батболд хоёр хувь дээрээ тохироогүй” гэж хэлж байсан билээ. 49 хувь эзэмшигч шийдвэр гаргахад нөлөөлөх боломж хязгаарлагдмал болохоор С.Батболд 49 хувь эзэмшсэнээс төрд буцаасан нь дээр гэж шийдсэн хэрэг.

Магадгүй Н.Энхбаярт 51 хувиа өгч хоосон үлдэж байхаар төрд өгч, ардын баатар болоод, Ерөнхий сайдын суудалд очихоороо буцаагаад авна гэж тооцсон ч юм бил үү. Лицензээ төрд шилжүүлснийхээ дараа Н.Дугарыг өрөөндөө дуудаж уулзахдаа Сү.Батболд “Та намайг ардын баатар болгоно гэсэн яасан бэ” гэж сануулж байсан гэдэг. Тэрбээр Тавантолгойн лицензийг төрд буцаасныхаа дараа Гадаад харилцааны сайд, удалгүй Ерөнхий сайдын суудалд суусан билээ.

Сү.Батболд хэдэн жил лицензийн төлбөр төлж, Тавантолгойн лицензийг бүхэлд нь эзэмшсэн нь үнэн. “Шинхуа”-д зарах гэж байсан нь үнэн. Н.Дугар иргэний хөдөлгөөнийхнөөр талбай дээр хашхируулж, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байж төрд 96 хувийг нь буцаасан нь үнэн. (“Энержи ресурс” нэгдэл Тавантолгойн дөрвөн хувь болох Ухаа худгийг авч үлдсэн. С.Баяр Тавантолгойн дөрвөн хувийг “Энержи ресурс”-т үлдээснийхээ төлбөрт 2008 оны сонгуулийн зардлаа тэднээр гаргуулсан гэдэг)

Одоо бол Тавантолгой төрийн мэдлийн стратегийн орд. Н.Дугар шахаж, Сү.Батболд эр зориг гаргаж, нэгэнт гарт нь орчихсон байсан том бизнесээ төрд өгсөн. Тэд ийм үйл хийсэн талаараа нэг ч үг дуугарахгүй, зарим нь харин ч Тавантолгойг  идсэн ууснаараа дуудуулж байхад хувийн компанийнхаа эрх ашгийн төлөө Засгийн газрын ажлыг гацаасан хүн нь “Тавантолгойг авч үлдлээ” гэж хашхираад явааг харахаар “Түүхэнд нэг хүний гаргасан хүчин зүтгэл тэрхэн хугацаанд ул мөрөө үлдээхээс илүү хожмын үр дагавар голлох явдал байдаг. Нэг хүний зүтгэж хийсэн зүйлийг овжин хүмүүс ашиглаж, түүгээр нэр төр олохыг алийг тэр гэх вэ” гэсэн номын үгс санаанд орох аж.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН