Өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж мэдээлэл хийлээ. Түүний "Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаатай утсаар ярьж буй бичлэг олон нийтэд дэлгэгдсэн билээ. 

Тодруулбал, Ж.Бямбадорж “Би чамд нөхрийн хувьд хэлье. Зарим үед гөлөгнүүдтэй гөлөг шиг харьцаж байж ялдаг шүү дээ. Чи юу эс андах вэ. Би чиний асрамжид байгаа хүмүүсийг хэлж байна шүү” гэсэн утасны яриа олон нийтийн уур бухимдлыг төрүүлсэн юм. 

Тэрбээр дээрх мэдээлэлд тайлбар өгөхдөө "Дээрх яриагаар намайг жил гаруй хугацаанд дарамталж байна. Арслан, бар шиг харилцаагаа гөлөг шиг зөөлөн болгож харьц гэж хэлсэн. Тэгээд өмнөх яриагаа хасаж аваад тэр хэсгийг л цацсан. Би тэнд байгаа иргэдтэй хүн шиг харьцахыг тэр хүнд олон удаа хэлсэн. Хүний эрхийн үндэсний комисс өдөр шөнөгүй ажилладаг. “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагатай холбоотой мэдээлэл байна. Г.Загдаа өөрөө бичлэг хийгээд цацсан байсан. Тэр хүн ямар зан авир гаргаж байсныг та бүхэн харсан байх. Хүний эрхийн үндэсний комисс ажиллах 20 жилийнхээ хугацаанд ямар ч байгууллага,  албан тушаалтантай уулзаж, шалгаж, мэдээлэл авдаг. Гэтэл Монголд 2019 оны нэгдүгээр сард дийлдэхгүй нэг газар гарч ирсэн. Бид аргаа бараад цагдаа, прокурорын байгууллагад хандсан. Монгол Улс ядарсан иргэдийнхээ асуудлыг анхааръя гэж байгаа бол хуулийн байгууллага Г.Загдаад арга хэмжээ авах цаг нь болсон" гэх тайлбарыг өгөв.

Мөн би хамгийн гол нь бодит мэдээллийг өгөхийг хүссэн. 2018 онд Г.Загдаа өөрөө над руу яриад би ийм үйл ажиллагаа явуулдаг гэдгээ хэлсэн. Тэгээд би газар дээр нь очиж танилцахад гэр оронгүй, архины хамааралтай болсон иргэдийг байлгаад ажил төрөл хийлгэдэг байсан. Ингээд удалгүй тэр газраас гомдол тасрахаа больсон. Тэгээд 2019 оны нэгдүгээр сард хүний эрхийг хамгаалах комиссод дийлдэхгүй болсон учраас бид прокурт өгсөн юм. 21-р зуунд тэр хашаанд боолын нийгэм л үйлчилж байна. 800 гаруй сая төгрөгийн санхүүжилт төрөөс авсан. Тийм байж төрөөс нэг ч төгрөг авч байгаагүй гэдэг. Шалгалт явуулах боломж байхгүй. Хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах газар нь яваад очихоор оруулдаггүй. Хүний эрхийн үндэсний комисс гомдлын дагуу шууд гэнэтийн шалгалт хийдэг. Тэгээд очтол урьдчилж мэдэгдэлгүй ирлээ гээд бөөн хэл амаар доромжилсон хэмээн онцолсон юм.