Өнгөрсөн амралтын өдрүүдэд загвар өмсөгчид бооцоотой сагсан бөмбөгөөр өрсөлджээ. Тайзан дээр ихэмсэг алхан өрсөлдөх загвар өмсөгчид сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнээр “Сайн үйлсийн төлөө хамтдаа” уриан дор хамтдаа нэгдсэн.

Тус тэмцээнд  загварын таван агентлагийн 14 баг “тамирчид” хурд хүч авхаалж самбайгаараа өрсөлдсөн билээ.

Шилдэг эрэгтэй багаар “Монгол модель” агентлагийн баг тодорсон бол шилдэг эмэгтэй багаар “Андра модель” агентлагийн баг,  Хүрэл медалийг “Азийн модель” агентлаг тус тус хүртсэн. Мөн андра модель агентлагийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртэн шилжих явах цомын эзэд болсон юм.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулсан гол зорилго нь Эх нялхсын эрүүл мэндийн байгууллагын нялхсын яаралтай тусламжийн газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг авч өгөх явдал байсан аж. Зорилгоо биелүүлж,  Алтан медаль авсан “Монгол модель” агентлагийнхан нийт цугласан бооцооны мөнгөөрөө авсан тоног төхөөрөмжийг Эх нялхсын эмч нарт гардууллаа.

Мөн сагсан бөмбөгийн тэмцээн нь шилжин явах цомтойгоор зохион байгуулагдаж, тэмцээнийг санаачилсан “Азийн модель” агентлагийн хамт олон хүмүүнлэгийн уриан дор бүх загварын агентлагуудыг хамруулсан нөхөрсөг тэмцээнийг жил бүр зохион байгуулж байхаар болж буйгаараа онцлог.

Д.Ана