Залуу багш, оюутны хүсэн хүлээдэг “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр эхэллээ. Уг хуралд оролцохын тулд оюутан, залуус маань багагүй шалгуур давж байж сая нэг салбар хуралдаанд оролцох эрхээ авч, салбар хуралдаанаас шалгарсан сэдвээрээ нэгдсэн хуралдаанд оролцдог онцлогтой тус ЭШБХ залуу багш, оюутны  эрдэм мэдлэг, чадал чансааг сорьсон томоохон хурлуудын нэг юм.

21 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа “Эврика” ЭШБХ-д нийт 107 бүтээл ирсэн бөгөөд өнөөдөр МЗХ-ны төв байранд эдийн засаг, бизнесийн салбарын хуралдаан эхэлж нийт 21 залуу багш, оюутны илтгэл тавигдаж байна. Техник технологи, мэдээллийн технологи 4-р сарын 8-нд, нийгмийн ухааны салбар, хууль эрх зүй 4-р сарын 9-нд, газар зүй геологи, экологи хөдөө аж ахуй 4-р сарын 10-нд, байгалийн ухаан /физик, математик, хими/, анагаах ухаан 4-р сарын 11-нд салбар хуралдаанууд болох бол 4-р сарын 16-ны өдөр Төрийн ордны их танхимд нэгдсэн хуралдаан зохион байгуулагдана. Эврика эрдэм шинжилгээний бага хурал олон нийтэд нээлттэй бөгөөд сонирхсон илтгэлээ ирж сонсох бүрэн боломжтой юм байна.