Монголын Залуучуудын холбоо өнгөрсөн онд орон нутгийн Залуучуудын холбоодуудаа идэвхжүүлж, аймгийн залуучуудын чуулганыг зохион байгуулсан.

Харин энэ жилээс нийслэлийн дүүргүүдийн залуучуудын ээлжит чуулганыг зохион байгуулж байгаа бөгөөд Багахангай дүүргээс эхэлсэн юм. Харин энэ 4-р сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын холбооны ээлжит чуулганыг амжилттай зохион байгууллаа. Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн хамгийн том дүүрэг бөгөөд хүн амын 60 гаруй хувийг залуучууд эзэлдэг аж.

Уг чуулганд СХД-ийн Засаг дарга М.Чинболд, МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат нар оролцон залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг сонсч, харилцан санал бодлоо солилцсон бөгөөд залуучуудыг ажилтай орлоготой болгох, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, чадваржуулах, МЗХ-ноос орон даяар зохион байгуулж хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, аяныг дэмжин өргөжүүлж ажиллах, НҮБ-ын Хүн амын сангаас Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Залуучууд хөгжлийн хөтөлбөр 2013-2017” төслийн хүрээнд тус дүүрэгт Залуучуудын хөгжлийн төвийг байгуулах зэрэг ажлуудыг хамтарч хийхээр тусгагдсан “Санамж бичигт” гарын үсэг зурсан юм.

Үүний дараа тус чуулганы төлөөлөгчид дүүргийн Залуучуудын холбооны тэргүүнээр “Оюут констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, СХ Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Р.Ням-Очирыг сонгож, 15 тэргүүлэгч гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэйгээр бүтэц бүрэлдэхүүнээ шинээр сонгон баталгаажуулж, шинэ бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ. Цаашид дүүргийн ИТХ-ын дэргэд “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”,  ахмадын хороо байгуулах бөгөөд байгууллага бүр дээр залучуудынхаа эрх ашгийг төлөөлсөн Залуучуудын зөвлөлтэй болох юм байна.