Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгэн ажилтан фэйсбүүк хуудастаа эмзэг бүлгийн хүүхдийн тухай бичсэн постноос үүдэж, “Хүүхэд өлсгөлөнгөөр үхжээ” гэх мэдээлэл нийгмийг цочроосон. Улмаар тус байгууллагын даргын Ийгл телевизэд өгсөн ярилцлага үүнийг баталсан мэт ойлголт өгч, олныг талцуулав.

Гэтэл төрийн байгууллагууд уг мэдээллийг няцааж, буруутай этгээдэд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн. Ингээд энх цагт Монгол Улсад хүүхэд өлсөж үхсэн эсэхийг тодруулахаар БЗД-ийн ЭМТ-ийн дарга Ж.Энхзултай ярилцлаа. 

-Хүүхдийн хоол тэжээлийн дутагдал газар авч, амь насны баталгаа үгүй болсон асуудлаар ярилцах гэсэн юм. Таны ажиглалтаар асуудал хаана байна вэ? 

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бидний улсад төлсөн татвараас хоолны талон, өрх толгойлсон эцэг эхчүүдийн тэтгэмж зэрэг халамжийн олон төрлийн үйлчилгээнд хөрөнгө хуваарилдаг. Яамны баталсан төсвийг эхлээд дүүрэгт, дүүргээсээ хороонд өгдөг. Гэтэл эмзэг бүлгийнхэнд зориулсан ажил хороон дээр жинхэнэ эздэдээ хүрч чадалгүй замхардаг нь асуудал болж байна. Өлсөж, туйлдаж буй хүүхдүүдэд буруутан хайж байгаа бол хороонд нь ханд. Бидний үйл ажиллагааг харлуулах гэсэн, өөрсдийн нэр хүндээс зайлуулах гэсэн оролдлого гарч байгаа нь эмгэнэлтэй байна. Хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд манай дүүрэгт маш олон бий. Гэтэл хороо, дүүргээс “тийм юм байхгүй” гэж байна. Тэгэхээр бүгд цатгалан, боломжтой амьдардаг гэж ойлгогдоно биз дээ. Бодит байдал тэс өөр, зүрх шимшрэм байхад хороон дарга нь энэ нөхцөл байдлаа мэддэггүй, эсвэл мэдсэн ч хүний зовлонг мэдрэхээ байчихсан хөлдүү хүмүүс байгаа нь харамсалтай. 

-Эмнэлгийн дарга “11 сартай хүүхэд өлсөж үхжээ” гэж ярьсан гэж хүмүүс ойлгосон? 

-Энэ талаар бодит мэдээлэл өгөөч гэж нэгэн телевизээс урьсан. Би ч нөхцөл байдлаа ярьж, олон нийтэд зөв ойлголт төрүүлэх боломж юм байна гээд зөвшөөрсөн юм. Гэтэл миний ярьсан зүйлээс хэсэгчлэн авч, огт хэлээгүй үгийг титр болгон тавьж гаргасанд үнэхээр эгдүүцэж байна. Би эмч хүн байж юу гэж ийм үг ярих билээ. Дээр нь нас барсан шалтгаан нь “өлсгөлөн” гэж бичсэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг хараагүй байж нэг ч эмч хүн ингэж хэлэхгүй шүү дээ. 

-Нийгэм даяар энэ тохиолдлын үнэн худлыг шүүх гэж оролдож байна. Гэтэл цаана нь мянга мянган хүүхэд өлсөж, өвдөж байгааг манай сонин хөндсөөр ирсэн юм. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгөх байх? 

-Би хэлэх үгтэй, хийсэн ажилтай хүн. Намайг ажил авах үед энэ дүүргийн 0-1 насны хүүхдийн эндэгдэл 10-15 хувь, 1-5 насанд 3-4 хувьтай байсан бол өнгөрсөн онд нярайн эндэгдэл 8.1 хувь, 1-5 настай хүүхдийн эндэгдэл 1.2 хувь болж буурсан. Хүүхдийн өвчлөл буурах шалтгаан хоол хүнстэй шууд хамааралтай. Нялх хүүхдийн бүх эрхтэн цоо шинэ, стресстэж нойргүйдээд, бие эрхтнээ гэмтээгээд байдаггүй тул хоол л байвал өвчлөх шалтгаан байхгүй. Хоол хүнснээс хэрэгцээт шим тэжээлээ авч чадахгүй бол дархлаа суларч өвдөнө. Харин хоол хүнсний дутагдалтай, дархлаа муу хүүхэд ямар ч өвчин туссан маш хүнд, бүр нас барах шалтгаан болж болзошгүй. Баянзүрх дүүргийн хэмжээнд нэн ядуу, эмзэг бүлгийн 208 өрхөд 0-5 насны хүүхдүүд амьдарч байна. Тэдний дэлгэрэнгүй судалгааг өрхийн эмнэлгүүд гаргаж өгдөг. Бид тэднийг хүнсний талон, халамжийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан эсэхийг лавлах зорилгоор холбогдох яаманд судалгаагаа өгдөг. Эмзэг бүлгийн өрхийн хүүхэд өвчнөөр нас барж байгаагийн цаад шалтгаан бол өлсгөж байгаа амьдралынх нь нөхцөл. 

(Баянзүрх дүүргийн хэмжээнд нэн ядуу, эмзэг бүлгийн 208 өрхөд 0-5 насны хүүхдүүд амьдарч байна.)

-Тэдгээр өрхийг хүнсний талонд бүрэн хамруулсан байв уу? 

-Бид сүүлийн судалгааны араас ямар арга хэмжээ авсан талаар мэдээлэл аваагүй байна. 2017 онд мөн ингэж судалгаа өгөхөд 25 хувьд нь төрийн халамж хүрээгүй байсан. Бид эмзэг бүлгийнхнээ баян болгож чадахгүй ч байгаа хүнсээр нь ямар хоол хийж болохыг нь зааж өгдөг. Эрүүл мэндийн зөвлөмжид байдаг шиг хулуу, броколины зутан хийж өг гэж тэдгээр айлд зөвлөх боломжгүй шүү дээ. Тиймээс “хоёр зүсэм талх усанд дэвтээгээд, сүү нэмж, багахан элсэн чихэр, маслотой зуураад өгч болно”, “хоёрхон ширхэг төмс чанаад нухаж амтлаад өгөөрэй” гэх мэтийн зөвлөгөө өгдөг. Өвөл 11 дүгээр сард гэрт нь очиход шороон дээр барьсан шалгүй гэрт хувцас ч үгүй хүүхдүүдээ харж суугаа өрх толгойлсон эмэгтэйд хэн “гараа угаа, дасгал хий, шим тэжээлтэй хоол идүүл” гэж зөвлөж чадах билээ. Эмч нар хороон дарга биш учраас ийм байдлыг хараад бүртгэл данс хөтлөөд, асуумж бөглөчихөөд гараад явж чаддаггүй юм. Хүн учраас сэтгэл нь өвдөнө, тэгээд ядаж хэд хоног дулаан, хоолтой байг гээд хүндэрч болзошгүй хүүхдээ аваад эмнэлэгт хэвтэх бичиг хийж өгнө. Гэвч дүүргийн нэгдсэн эмнэлэг 20 жилийн өмнө хувьчлагдчихсан, тийм хүмүүсийг “ор байхгүй” гээд авахгүй. 

(2017 оноос хойш зургаа дахь удаагаа "Хүнстэй багц" аян зохион байгуулж байна. Өмнө нь 11 дүгээр сард голдуу явуулдаг байсан ч энэ удаа эдийн засаг муудаж, нэн ядуу иргэдийн амьдрал улам хүндэрсэн тул аянаа яаралтай өрнүүлэх шаардлагатай болсон.)

-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг төрийн байгууллага биш юм уу? 

-Саяхан 20 жилийн ойгоо тэмдэглэсэн шүү дээ. Уг нь байгуулагдаад 50 жил болж байгаа ч хувьд очсон оноороо түүхээ бичээд явж байна. 

-Танай дүүрэгт хүн ам олноор суурьшсан, мөн захиргаанд нь үргэлж л тамга тэмдгийн хэрүүл өрнөсөн газар гэж ойлгогддог? 

-Нэг хороонд 12 мянган оршин суугчтай байх стандарт бий. Гэтэл манай дүүрэгт ихэнх хороо 18 мянга, нэг хороо бүр 27 мянган хүн амтай. Дээрх стандартыг мөрдвөл Баянзүрх дүүрэг 40 хороотой байх ёстой. Нэг хороонд дөрвөн эмч ажиллалаа гэхэд нэг эмчид 5000 орчим хүн ногдоно. Тэр дунд олон нялхас, жирэмсэн эх, хавдартай өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй, ажилгүй иргэд бий. Хөгшчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өрхийн эмчээ очиход нь загнана, уулын мухарт зориод хүрэхэд томчууд архидсан, хүүхдүүд “хаягдчихсан” айл угтана. Ийм эмзэг бүлгийнхэн дунд орж ажиллаж буй өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар л нөхцөл байдлыг хамгийн сайн мэднэ. Гэтэл манай дүүргийн хүүхдүүд бүгд сайхан гэх гээд байгаа юм уу. Эсвэл сэтгүүл зүй бодит байдлыг мэдээлэх бус, хагаралдуулах зорилготой байдаг юм уу. Худал мэдээлэл тараасан хэрэг тохож, цагдаагийн байгууллага нь хариуцлага тооцно, төрийн байгууллагууд нь “манайд бүх юм сайхан байна” гээд хэлчихээр энэ байдал засарчихдаг юм уу. Бодит байдлаа хар л даа. Өглөө ажилдаа ирэхдээ “108”-ийн машин хараад л гол зураад явчихдаг юм. Манайд маш их ирдэг. Хүчирхийлэлд өртсөн, хаягдсан хүүхдүүдийг авчирч, бэлгийн замын өвчин, бусад шинжилгээнд хамруулдаг юм. 

-Ийм байдал сүүлийн үед улам ихэссэн үү, эсвэл эртнээс байсаар ирсэн үзэгдэл үү? 

-Би 1995 онд төгсөөд яг энэ байшиндаа анх ажиллаж байсан. Нарантуул, Баянзүрх захын орчмоор дан гэр хороололтой, хотод нүүж ирэгсэд, наймаачид голдуу амьдардаг, өрхийн амьжиргаа нь өнөөдрийн эмзэг бүлгийнх шиг л байсан. 1993 оноос Монгол Улсад дархлаажуулалтыг хуульчилж вакцин хийж эхлээд хоёрхон жил болж байсан тул түүнийг ойлгуулж, хамруулах ажил өрнөж байв. Мөн жирэмснээс хамгаалах спериаль танилцуулж, олон хүүхэдтэй эмзэг бүлгийн эхчүүдийг хамруулахын төлөө ажиллаж байсан. Эндээс би гараагаа эхэлж, өдий зэрэгт хүртэл суралцсаныхаа “өр”-ийг одоо төлж байна гэж боддог. 

-Таны ажиллаж байсан үе, өнөөгийн нөхцөл хэр өөрчлөгдсөн бэ? 

-Би 2017 оны нэгдүгээр сард энэ төвийн даргаар ирсэн. Үнэхээр ой гутсан. Энэ олон засаг дарга, эмнэлгийн дарга нар яаж ийм байлгаж чадав аа. Намайг ажиллаж байхад л байсан ширээ халцарч, элэгдэж, ашиглалтын хугацаа аль хэдийн дууссан ч дээр нь хуулга наагаад хэрэглэсэн хэвээрээ л байсан. Эмч нарын өрөө, мэс заслын боолтны өрөөнд дусаал гоожоод тааз нь халцарч унасан, хаалга, хана, цэвэр бохир усны шугам гээд хүний гар огт хүрэлгүй өмхөрч муудсан байсан. Дүүргийн иргэдийг яаж ийм өрөөнд эмчлүүлж, үйлчлүүл гэж чаддаг байна, “яаж дээрэлхэж байна аа” л гэмээр. Эмч нарыг ийм орчинд ажиллуулж чадаж байхад эмзэг бүлгийнхэндээ хүрч халамж хамгааллаа үзүүлнэ гэдэг хол. Үзүүлэх үйлчилгээ ч завхарсан байсан. Хүмүүс эмнэлэгт үзүүлэх гэж шөнөжин дугаарладаг, харуул нь “оочир” зардаг, эрүүл мэндийн бичиг мөнгөөр тамгалж өгдөг, асрагч сувилагч нь барьж гүйдэг гээд замбараагүй зүйл их байсан. Ингээд бид олон сувгаар хандсан юм. НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламж ч авсан, УИХ-ын гишүүдэд ч хандаж байв. Б.Саранчимэг гишүүн эхо аппарат, техник тоног төхөөрөмж олныг шийдэж өгч байлаа. Хийе гэвэл хугацаа багаддаггүй юм байна, мөн их мөнгө ч ордоггүй юм байна. 

-Танай төвийн санаачилгаар эмзэг бүлгийн иргэдэд туслах аян өрнүүлсэн. Явц хэр байна? 

-2017 оноос хойш одоо зургаа дахь удаагаа ийм аян зохион байгуулж байна. Өмнө нь 11 дүгээр сард голдуу явуулдаг байсан ч энэ удаа эдийн засаг муудаж, нэн ядуу иргэдийн амьдрал улам хүндэрсэн тул аянаа яаралтай өрнүүлэх шаардлагатай болсон. Аянд хандив өгөхийг хүссэн иргэдээс мөнгө авдаггүй, хүнсний зүйл, хувцас, тоглоом бусад зүйл авдаг. Ямар ч муу мэдээ сайн хүмүүст нөлөөлдөггүй юм байна. Тийм хүмүүс олон юм гэдгийг энэ аян харуулж байна. Манай ажилчид ч олон удаа энэ ажлаа хийсэн болохоор гаршсан. “Хувийн машинаараа явлаа, бензин, тос” гэхгүй, “ажлын цаг дууслаа” гээд орхиод явахгүй, бүгд чин сэтгэлээсээ ханддаг. Ийм хамт олонтой учраас бидний ажил бүтэмжтэй, бага, багаар ч гэсэн урагшилж байна. Нэг удаагийн аян өрнүүлж, хоол тараасны дараа хүүхдийн өвчлөл эрс буурдаг. Бүртгэлээс тодорхой харагдана. 

-Энэ удаа эмзэг бүлгийн өрхүүдээр явахад юу өөрчлөгдсөн байна? 

-Бидний судалгаанд ороогүй, хаягжилтгүй айл зөндөө нэмж буусан байна. Манай төвөөс 4-5 баг хандиваар ирсэн зүйлсийг эмзэг бүлгийн нэн ядуу өрхүүдэд тарааж өгч байна. Одоогийн байдлаар нэг хүн 12-17 айлаар орсон байна. Тэдний мэдээлснээр өвөл явж байсан үеэс нөхцөл байдал улам дордсон. Хүнсний талонд хамрагдаагүй өрх олон байгааг мэдлээ. Мөн цахилгааны мөнгөө өгч чадаагүй тул тогоо таслуулсан айл маш их байна. Жирэмсэн болон нярай нэмэгдсэн гэх мэт бараан мэдээлэл л их байна даа. 

-Эмч нар ингэж яваад байдал засрахгүй байх. Цаашид ямар аргаар нэн ядуу өрхүүдийн тоог бууруулж болох вэ? 

-АНУ-ын хөгжлийн нууц нь хоёр сая сайн дурын ажилтны нуруун дээр боссон гэж ярьдаг. Энэ сайн дурынхныг бэлтгэж, төрүүлдэг хүн бол нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн. Тэд нийгмийнхээ гүн рүү орж ажилладаг. Ингээд өвдсөн болон өвчлөх эрсдэлтэй бүлгийг гаргаж, өөрчлөх зан үйл, арга замыг нь зааж өгдөг тэмцэгч нар байдаг. Тухайн хүний оюун санаа, зан үйлийг өөрчилснөөр нэн ядуу, эмзэг бүлгийнхэн багасна. Цагийн болон байнгын ажил олгогч компаниудад эдгээр иргэнийг батлан дааж, холбож өгдөг. Ингээд эмзэг бүлгийнхнийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг төрд уламжилж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх маягаар эргэх холбоотой ажилладаг. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар эмзэг бүлгийнхнийг ийм маягаар дэмжиж, цөөрүүлж ирсэн хөгжлийн түүх олон улсад байна. Түүнээс биш ТББ-уудад мөнгө өгөөд, байшин барьж өгөөд энэ асуудал шийдэгдэхгүй. 

Засгийн газрын мэдээ сонин