Цахим сүлжээгээр хуурамч зураг хөрөг ашиглан, 400 болон 1500 удаагийн үйлдлээр иргэдийг залилсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, орон дээр эмчилгээ хийлгэн хэвтэж буй бяцхан охины зургийг тавиад өнгөрсөн хоёрдугаар сарын 16-ны өдрөөс гуравдугаар сарын 06-ны өдрийн хооронд олон нийтийн сүлжээ фэйсбүүк орчинд Цастболор, Мөнх Учрал гэх цахим хаягаар “Миний дүү зүрхний тосгуур хоорондын цоорол оноштой Солонгос улсад хэвтэн эмчлүүлж байна 5 сая төгрөг шаардлагатай байгаа тул та бүхнээс тусламж хүсэж байна” гэх хандивын аян өрнөсөн юм. Уг мэдээллийг шалгахад 1997 онд төрсөн “М” гэгч нь цахим орчинд худал мэдээлэл оруулж, Хаан банкны дугаартай 5953052540 данс, Голомт банкны дугаартай 1705155705 данс ашиглан бусдаас 400 орчим удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлэн авч залилан мэхэлсэн байна.

Мөн 2000 онд төрсөн эмэгтэй “М” гэгч нь 2020 оны гуравдугаар сарын 04-ний өдрөөс гурав дугаар сарын 18-ны өдрийн хооронд Tungalag Tungaa, М.Гантунгалаг, ТЛМН С, гэх цахим хаягаар “Миний дүү Зүрхний тосгуур хоорондын цоорол оноштой Солонгос улсад хэвтэн эмчлүүлж байна 5 сая төгрөг шаардлагатай байгаа тул та бүхнээс тусламж хүсэж байна” гэх утга бүхий хуурамч мэдээллийг оруулж, Хаан банкны 5053102834 дугаарын дансыг байршуулан бусдаас 1500 орчим удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн байна. 

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс дээрх этгээдүүдийн хууль бус үйлдлийг тогтоон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Тиймээс дээрх этгээдүүдэд мөнгө шилжүүлж залилуулсан иргэн, байгууллага тус цагдаагийн хэлтсийн 94945423, 88220055, 99036520 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авах, ХУД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст өөрийн биеэр ирж уулзах боломжтой юм байна. 

Одоогийн байдлаар дээрх хоёр этгээд нийлээд 20 гаруй сая төгрөг хууран мэхэлж авсан нь тогтоогдоод байна. 

Мөн цаашдаа ямар нэгэн хандив тусламж өгөхдөө мэдээллээ сайн баталгаажуулахыг анхааруулж байна.