ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг Засгийн газар дэмжсэн. Түүнийг элчин сайдаар томилуулах саналыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гаргасан байгаа юм.  Улмаар уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж дэмжсэн. Тодруулбал,  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвшингийн Бадралыг томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Элчин сайдад нэр дэвшигчийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. УИХ-ын өчигдрийн /2020.05.07/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн томилох, зөвшилцөх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо. Өөрөөр хэлбэл, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 97.5 хувийн саналаар Т.Бадралыг Элчин сайдаар томилохыг дэмжсэн юм. 

Энэ нь үнэн хэрэгтээ дэвшүүлэн зайлуулж байгаа хэрэг. Т.Бадралын хувьд  эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татагдсан болохоор нэр цэвэр хариуцлагаас мултрахаар ийнхүү Гадаад харилцааны сайд, Ерөнхийлөгч Х.Баттулга нарыг  “базаж” байгаад элчин сайдаар явахаар болж байна. Хэдийгээр яллагдагчаар татагдсан нь гэм буруутай гэсэн үг биш ч бараг гэм буруутай байж болзошгүй гэсэн үг.

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байж болзошгүй уг хэрэгт Т.Бадралаас гадна тус газрын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг яллагдагчаар татан шалгагдсан. Хэрэг нь шүүхэд шилжсэн ч мөрдөн байцаалтад буцаасан түүх саяхных.

Т.Бадралыг дэвшүүлэн зайлуулах ажиллагааг хариуцан ажилласан этгээд нь Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Гадаад  харилцааны сайд Д.Цогтбаатар нар. Эх орноо төлөөлөн гадаадад суух элчин сайдын асуудалд мэдрэг хандаж,  гүрийж чаддаг Ерөнхийлөгч Х.Баттулга болон Гадаад  харилцааны сайд Д.Цогтбаатар нар Т.Бадралд ямар өртэй болоод ийнхүү яллагдагчаар татагдсан этгээдийг томилуулна вэ?

Ашиг сонирхол, авлага өглөг байна уу гэх хардлага төрүүлж байна.

Хуулиар хариуцлга тооцож чадахгүй этгээдүүдээ элчин сайд,  СЕХ, ҮХЦ-д чихэж, хуулийг гууль болгох энэ башир аргаа зогсоохгүй бол олон улсад Монгол улсын нэр хүнд унах эрсдэлтэйг анхаарна биз ээ!!!