АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшихээр болсноо зарлалаа. Түүний хувьд өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд намаа шинэчлэх ажлыг уриалж ирсэн ч үр дүнд хүрээгүй ба АН өмнө нь байгаагүйгээр мафижиж шударга өрсөлдөөн, зөв тогтолцоогүй болсон. Үүний үндэс суурийг намын дарга С.Эрдэнэ  тавьсан  төдийгүй, АН-ыг мөнгөний төлөөх  нам болгосон учраас  улс төрийг цэвэрлэхийн тулд эхлээд энэ хүнтэй тэмцэх ёстой юм байна гэж үзсэнээ мэдэгдлээ.

Энэ тухайд тэрбээр “АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал өчигдөр болсон. Бид энэ  үеэр хууль зөрчсөн, хүний эрх, эрх чөлөөнд шууд халдсан 100 саяын дэнчин гэдэг зүйлээ хүчингүй  болгохыг шаардсан. Харамсалтай нь хүлээж авсангүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын улс төрийг бохирдуулсан, улс төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа нийтийн эрх ашгийг хохироосон улс төрчдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байхыг мөн шаардсан.  Гэвч  АН-ын удирдлагууд бас л биелүүлсэнгүй. Өнөөдөр  С.Эрдэнээр удирдуулсан АН мафижсан улс төрчдийн бүлэглэл болсон байна. Мэдлэг боловсролтой, жирийн ардын хүү энэ намаас улс төрд нэр дэвших ямар ч боломжгүй болсон. АН ардчиллыг илэрхийлж чадахаа нэгэнт больжээ. Тийм учраас энэ мэт бохирдсон улстөрчдөд иргэд сонгогчид хариуцлага тооцож, Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй гэж үзсэн учраас С.Эрдэнийн тойрог болох Баянгол дүүрэгт бие даан нэр дэвших шийдвэрт хүрсэн.   Улс төрд орсноосоо хойш буюу сүүлийн 20 гаруй жил Баянол дүүргийг хамаатан саднаараа нийлээд эзэлчихсэн,  гэр бүлээрээ нийлж дарангуйлж байгаа С.Эрдэнийн эсрэг нэр дэвшинэ. Энэ хүнийг  зайлуулснаар Монголын улс төр цэвэрших эхлэл тавигдана гэж үзэж байна.  2020 оны УИХ-ын сонгуулиар бохирдсон улс төрчдийг цэвэрлэх  ажлыг  С.Эрдэнээс эхлүүлье” гэлээ.

http://chuhal.mn/r/47258?