-МАНАН бүлэглэлийн сүүлчийн хоргодох газар АН болжээ-

АН-ын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчдээсээ 100-400 сая төгрөг хурааж авсан нь намаараа хууль, шүүхийн байгууллагад дуудагдахад хүрээд байгаа. Тус намын Шинэчлэлийн хөдөлгөөний залуус өнгөрсөн даваа гарагт болсон ҮБХ-ны хурлаараа энэхүү сая төгрөгийн хандиваа цуцлахыг шаардсан ч тэдний үгийг авч хэлэлцэлгүй гүрийгээд өнгөрчээ. 100 саяыг эсэргүүцэж, шүүмжилж байгаа хүмүүс АН дотор олон бий. Тэдний тод илрэл нь 100 гаруй хүн АН-ын даргад 100 сая төгрөг хураалгахаас татгалзан энэ жилийн сонгуульд бие даан өрсөлдөхөөр болоод байгаа явдал юм.

Намынхаа үе үеийн лидер улстөрчдийг ийнхүү үргээж холдуулсан С.Эрдэнэд мөнгө, МАНАН гэдэг хоёр л үнэт зүйл үлджээ. Энэ нь түүний хувьд нэг зоосны хоёр тал л даа. МАНАН-г дагаж байж мөнгө олно. Мөнгөтэй бол МАНАН-г өтгөрүүлнэ. Түүнээс биш ардчилал, шударга ёс, хүний эрх бол С.Эрдэнийн хувьд юу ч биш.

Хүн төрөхтний олон зуун жилийн турш хөлс, цусаараа бүтээн бий болгосон эдгээр үнэт зүйлсийг Ардчилсан тодотголтой намын дарга С.Эрдэнэ гуравхан жилийн дотор үгүй хийж, үнсээр хийсгэчихээд сууж байгаа билээ. Тоталитар дэглэмийг тогтоож, анархизмыг амилуулахыг амьдралынхаа зорилго болгосон гэмээр бусармаг бүдүүлэг үйлдлүүдийг тэрбээр хангалттай гаргасаар ирснийг олон түмэн мэднэ.

Энэ долоо хоногт намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна. Энэ бол намын хувьд ч, намын даргын хувьд асар хариуцлагатай сонголт. Гэтэл АН-ын хувьд нэр дэвшүүлэлт нь аанай л мөнгөний схем, МАНАН-гийн механизмаар “зурагдаж” байгаа ажээ. Үүнийг С.Эрдэнэ ганцаараа хийж байгаа биш. Угаасаа тэрбээр өөрийн толгойгоор шийдвэр гаргах чадваргүй, чадлаа гэхэд өөрийнхөө л төлөө гаргадаг гэдгийг намынх нь олон арван гишүүд өнгөрсөн жилүүдэд ил тод хэлж, шүүмжилж байсан билээ.

Юутай ч энэ жилийн сонгуульд АН хэрхэн оролцох вэ гэдгийг С.Эрдэнээс илүүтэй Ц.Элбэгдорж, Б.Хурц нар шийдэж байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Үүнийг нотолгоо шаардахгүйгээр батлах үйл явцууд ч АН-д өрнөж байна.

Хилийн чанадад олон сараар бүгж, Интерполоор зарлуулахдаа  тулж байж тусгай үүргийн онгоцоор ирж, тусгаарлагдсан Ц.Элбэгдорж МАНАН-гийн гол толгойлогчийн хувиар АН-ын сонгуулийн зургийг зурж, Б.Хурцаараа будаг, шунхыг нь тааруулуулж, С.Эрдэнэ түүнийг нь барьчихаад дэнчин, хандивын тэрбум тэрбум төгрөгтэй түрийвчээрээ “100 сая, 100 сая” хэмээн даллаж суугаа дүр зураг төсөөлөгдөнө.

АН-ын нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар тодруулсан жагсаалтаас харахад л М.Батчимэг, Г.Баярсайхан, Ч.Өнөрбаяр, О.Магнай, С.Эрдэнэболд, О.Батханд, Б.Пүрэвдорж гээд Ц.Элбэгдоржийн гэх шошготой олон хүн тойрог тойрогт зоогджээ. Нөгөө талаас С.Эрдэнэ өөрийн хүргэн Г.Энхболдоос эхлээд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхаас эхлэн хаа явсан газраа дагуулж яваа Д.Үүрийнтуяа, Ц.Туваан, Ц.Одонтунгалаг гэх мэт хүмүүсээ нэр дэвшүүлэх бололтой. Товчхондоо бол АН-ын нэр дэвшигчид бүхэлдээ МАНАН-гийн төлөөлөл болж УИХ-ын сонгуульд өрсөлдөх аж.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх МАНАН бүлэглэлтэй хатуу тэмцэж, шударга ёсыг тогтоох шийдвэртэй алхмуудыг хийж байгаа. Гэтэл амь тавьж буй МАНАН бүлэглэлийн хоргодох сүүлчийн орон зай нь ийнхүү АН болжээ. Ёстой нөгөө “Готов нь авна уу, Шадав нь авна уу хамаагүй” гэдэг шиг АН-ын МАНАН-тсан сонгуулийн зургийг Элбэгдорж нь зурна уу, Эрдэнэ нь зурна уу хамаагүй. Ард түмэн МАНАН-гүй сонголт хийхэд л хангалттай билээ.

 

Г.Хангарди

 

https://gereg.mn/news/53675