“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль энэ жил 45 дахь удаагийн  элсэлтээ авна. 1975 оноос сургалтын үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж буй тус сургууль 2020-2021 оны хичээлийн жилд 9 төрлийн мэргэжлээр хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. 

Элсэгчдэдээ боловсролын чанартай үйлчилгээг хүргэх зорилгоор инженерийн боловсролын CDIO санаачилгад нэгдэн, үр дүнд суурилсан сургалтын уул уурхайн ашиглалт, цахилгаан, механик, авто, ашигт малтмалын баяжуулалтын технологи, барилга, хүрээлэн буй орчны инженер бэлтгэх болон ОХУ-ын Уралын их сургуультай хамтран Металлурги, металл технологи 2+2 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Тус сургуулийн элсэгчид элсэлтийн ерөнхий шалгалтад 700-аас дээш оноо авсан бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлт эдлэх бол, 650-699 оноо авсан элсэгч 50 хувь, 600-649 оноо авсан элсэгч 30 хувийн хөнгөлөлттэйгөөр тус тус суралцах аж. Мөн 2020 онд элсэлтийн ерөнхий шалгалтаа математикийн хичээлээр өгч 450-аас дээш оноо авсан болон улс аймгийн олимпиадад 1-5 дугаар байр эзэлсэн төгсөгчдийг урилгаар элсүүлэх ажээ. Түүнчлэн үнэлгээний голч дүнг харгалзан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монгол-21” сан, Технологийн сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг болон төрийн, төрийн бус, бизнесийн байгууллагуудын дэмжлэг, хөнгөлөлт эдлэх боломжтой гэж тус сургуулийн сургалтын албанаас онцоллоо.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь байгуулагдсан цаг үеэс өнөөг хүртэлх 45 жилийн хугацаанд мэргэжилтэй 7161 ажилтан, 462 техникч, дипломын болон бакалаврын зэрэгтэй 2090 инженер, уул уурхайн нарийн мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэжээ. Одоо тус сургуулийн бакалаврын түвшний сургалтад уул уурхай ашиглалтын технологи, ашигт малтмалын баяжуулалтын технологи зэрэг 6 мэргэжлээр 500 гаруй оюутан суралцаж байна. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль суралцагчдадаа олон боломж, давуу тал өгч байгаагийн нэг нь сурлагын голч дүн 3.2-оос дээш төгссөн оюутанд Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламж гардуулдаг уламжлал юм. Энэ журмын дагуу сүүлийн 7 жилд 32 төгсөгч оюутны ширээнээс Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болжээ.   

М.Балжинням

Фото: Б.Баттөгс