Өнгөрсөн сард /2020.05-р сар/ Зэвсэгт хүчний 123-р ангийн цэргийг захирагч нь номхон зогсоож байгаад зодсоны улмаас нэг цэргийн эрүү хугарсан гэх мэдээлэл дуулиан тарьсан. Энэ мэдээллийн дагуу бид сурвалжиллаа.

Хэрэг гардаг өдөр юу болов?

Монгол улсын иргэн Р.Баднаанямбуу нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 82 мм-ийн миномётийн  батарейны миномётын хоёрдугаар салааны lll тоотын захирагч дэд түрүүч цолтойгоор цэргийн алба хааж байх үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.Бямбадоржийг 2020 оны 04 сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд харуул манааны үүрэг гүйцэтгэж байхдаа  харуул манааны үед унтсан гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бусаар харьцаж нүүрэн тус газарт нь гараараа цохьсон байна. Үүний улмаас доод эрүүний яс зүүн өнцөг хэсэгт хугарал, баруун өнцөг хэсэгт цууралт, 2 талын эрүүний булан хэсгээр хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирчээ. Энэ нь захирагч  захирагдагчаа зодсон үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг тул хуулийн байгууллагаас шалгасан байна.

Хэрэг хэрхэн илрэв?

Энэ хэргийг байлдагч Б.Бямбадорж нуусан бөгөөд  хацар нь хавдсан байсан ч захирагчдаа үнэнээ хэлээгүй нуужээ. Хэрэв захирагч Б.Дамбасүрэн  захирагдагч буюу байлдагчийн хацар хавдсан байсныг  2020 оны 05 сарын 03-ны өдөр анзаараагүй байсан бол хэрэг нуун дарагдах байсан аж. Тодруулбал захирагч Б.Дамбасүрэн  захирагдагч буюу байлдагчийн хацар хавдсан болохыг анзаарч юу болсон талаар асуухад хариулаагүй тул эмнэлэгт үзүүлэх үүрэг өгсөн. Улмаар эмнэлэгт хэвтэж байхад нь хоёр  хацар нь яагаад хавдсаныг асуухад Б.Бямбадорж миний шүд хорхойтоод буйл үрэвсээд хавдчихлаа  гэж хэлсэн ба  үүний дараа  халагдсан 2 цэрэг намайг зодсон гэжээ. Улмаар цэргүйг нилээд шалгаасны эцэст 2020 оны 04 сарын 28-наас 29-нд шилжих шөнө харуулын цэг дээрээ унтаж байгаад дэд түрүүч Р.Баднаанямбууд зодуулсан гэдгийг мэдсэн байна. Ингэснээр хэргийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан аж.

Хэргийн талаар гэрчүүд юу ярив?

Гэрч Э.Ариунболд:  “Би 2019 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн алба хааж байна. 2020 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 24 цаг 00 минутаас 02 цаг 00 минут хүртэл би харуулын 2 дугаар цэг дээр цагийн манааны үүрэг гүйцэтгээд буусан юм. Ингээд манаа халагч дэд түрүүч Р.Баднаанямбуу, цагийн манаанд үүрэг гүйцэтгээд буусан. Байлдагч, Д.Буяндэлгэр, Х.Мөнхтулга мөн 4 дүгээр цэг дээр гарах байсан байлдагч З.Халибек бид нарыг дагуулаад 4 дүгээр цэг дээр ирсэн. Дүрмийн дагуу манаа халагч дэд түрүүч Р.Баднаанямбуу “харуул” гэж дуудсан боловч харуул гарч ирээгүй. Ингээд бид нар тараад 4 дүгээр цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б.Бямбадоржийг ойр хавиар хайсан. 20 гаруй минут хайсны эцэст би Б.Бямбадоржийг “балгас” гэх нэртэй нурсан байшин дотор суугаагаараа унтаж байхыг нь олсон. Ингээд нөгөө хэдээ дуудсан. Манаа халагч дэд түрүүч Р.Баднаанямбуу “чи 2 цагийн дотор үүрэг гүйцэтгэж чадахгүй унтлаа ямар хариуцлагагүй юм бэ” гэж хэлээд байлдагч Б.Бямбадоржийн нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Тухайн үед харанхуй байсан. Мөн би хамгийн ард зогсч байсан болохоор Б.Бямбадоржийн нүүрний яг аль хэсэгт цохисныг харж чадаагүй...

Гэрч Д.Буяндэлгэр: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 01 цаг 40 минутын үед харуулын 1 дүгээр цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд ээлж солилцох хугацаа болж манаа халагч ирж байлдагч Амарболдыг надтай солиод харуулын 2,3 дугаар цэгийн ээлжийг мөн сольж, харуулын 4-р цэг дээр ирээд тухайн цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б.Бямбадоржийг дуудтал байгаагүй тул манай манаа халагч Р.Баднаанямбуу "Харуул” гээд хэд хэдэн удаа орилоод цаашаа яваад хайсан боловч олдоогүй. Тэгээд бид нар тараад Б.Бямбадоржийг хайж байтал хэсэг хугацааны дараа байлдагч Э.Ариунболд “Олчихлоо, энд байна” гээд орилхоор нь бид нар яваад очтол Б.Бямбадорж гарч ирээд зогсож байсан бөгөөд манаа халагч Р.Баднаанямбуу “Чи яагаад юм ойлгодоггүй юм бэ” гэх утгатай зүйл яриад Б.Бямбадоржийн нүүрний хажуу талаас нь 2-3 удаа баруун гараараа цохиод, 4 дүгээр цэг дээр үлдэж үүрэг гүйцэтгэх байсан байлдагч З.Халибекийг цэг дээр нь үлдээгээд, бид нар буцаад харуулын байр луугаа явцгаасан. Дахиж цохиж зодсон зүйл байхгүй. Харуулын 2,3 дугаар цэгээс буугаад хамт ирсэн Э.Ариунболд, Х.Мөнхтулга нар, харуулын 4 дүгээр цэг дээр солигдох байсан З.Халибек нар байсан. Р.Баднаанямбуу нь Б.Бямбадоржийг харуулын цэг дээр унтлаа гэж уурлаад нүүрний хажуу талаас нь баруун гараараа 2-3 удаа цохиж байсан. Харанхуй байсан учраас яг аль хэсэгт нь цохиж байгааг нь сайн анзаараагүй. Б.Бямбадорж ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, зүгээр зогсож байгаад цохиулсан. Намайг болон надтай хамт алба хааж байгаа цэргүүдийг хэн нэгэн, ямар нэгэн байдлаар цохиж, зодож байсан удаа байхгүй. Б.Бямбадоржийг манаа халагч Р.Баднаанямбуу 2-3 удаа нүүрний хажуу талаас нь цохисон бөгөөд дараа нь ээлжээс буусан харуулууд болон манаа халагчийн хамт харуулын байранд гэрэлтэй газар очоод харахад ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй. Өмнө нь яаж харагддаг байсан яг тэрэн шигээ харагдаж байсан. Бямбадорж нь цохиулсны улмаас өвдөж шаналж, зовиурлаж байгаа талаараа надад тийм зүйл яриагүй. Өөрөө угаасаа хүнтэй харилцан ярилцдаггүй, дуу цөөтэй...” гэх зэргээр гэрчүүд мэдүүлсэн байна.

Байлдагчид ямар гэмтэл тогтоогдов?

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэг дээр ажилласан. Шинжээчийн 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 389 дугаартай...Б.Бямбадоржийн биед гэмтэл тогтоогдлоо. Б.Бямбадоржийн биед зүүн гарын шууны гадна хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 389 дугаартай...Б.Бямбадоржийн биед гэмтэл тогтоогдлоо. Б.Бямбадоржийн биед зүүн гарын шууны гадна хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Б.Бямбадоржийн биед доод эрүүний яс зүүн өнцөг хэсэгт хугарал, баруун өнцөг хэсэгт цууралт, 2 талын эрүүний булан хэсгээр хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Б.Бямбадоржийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Б.Бямбадоржийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой Б.Бямбадоржийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Бямбадоржийн биед учирсан гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” Гэсэн байна.

Зодуулсан цэрэг нэхэмжлэх зүйлгүй гэв

Хохирогч, байлдагч Б.Бямбадорж болсон хэргийн талаар “Би энэ өдөр харуулын үүрэг гүйцэтгэхээр манаанд гарсан. Би шөнийн 23 цаг 50 минутаас 01 цаг 50 минутын хооронд 4 дүгээр цэг дээр үүрэг гүйцэтгэж байгаад харуулын цэг дээр байрлах “балгас” дотор ороод жаахан суух гэж байгаад унтсан байсан. Гэтэл тэр үед манаа халж дэд түрүүч Р.Баднаанямбуу байлдагч нарын хамт ирээд намайг олохгүй хэсэг хайсан байсан. Тэгээд би сэрээд гараад иртэл дэд түрүүч Р.Баднаанямбуу намайг “харуулын цэг дээр унтаж болдог юмуу” гэж хэлээд зүүн шанаа руу гараараа 1 цохиод манаа халаад намайг харуулаас буусан цэргүүдийн хамт дагуулаад харуулын байр луу очсон. Харуулын байранд ирээд суугаа ээлжид би сууж байтал намайг дэд түрүүч Р.Баднаанямбуу “гараад ир” гэхээр нь би дагаад гарсан. Намайг гараад ирсэн чинь чи харуулын цэг дээр дахин унтаж зөрчил гаргаваа гэж хэлээд миний баруун шанаа руу гараараа 2 удаа цохисон. Дахин намайг зодоогүй. Намайг харуулын цэг дээр цохих үед харуулаас бууж байсан 3 цэрэг байсан. Харуулын байрны гадаа намайг цохих үед байлдагч Д.Буяндэлгэр байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Бидний дунд ямар нэгэн асуудал байхгүй. Харуулын цэгт унтсанаас болж ийм асуудал гарсан. Миний хувьд ямар нэгэн гомдол санал алга. Мөн ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга. Би эрүүгээ хадуулсан учраас оёдол нь жаахан өвдөөд байна. Өөр ямар нэгэн зовуур алга”  гэж мэдүүлсэн байна.

Хэргийг шүүх хэрхэн шийдэв?

Байлдагчийг зодсон Р.Баднаанямбуу нь захирагдагчаа зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан байна. Анхан  шатны шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Р.Баднаанямбууг цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж  захирагч нь захирагдагчаа зодсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн байна.