ЭМЯ-аас өдөр бүр коронавирусний талаар мэдээлэл өгч байгаа. Өнөөдөр Монгол улсад өвчлөл гурваар нэмэгдэж Монгол улсад батлагдсан тохиолдол 230 боллоо. Тодруулбал, 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны 7 сарын 11-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 377 хүний сорьцод шинжилгээ хийхэд 374-т коронавирус илрээгүй бол гурван хүнд коронавирус илэрсэн. Эдгээр хүн долдугаар сарын 6-ны өдөр Алтанбулаг боомтоор эх орондоо ирж, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүн байсан. Эдгээр хүнд хоёр дахь давтан шинжилгээгээр 7 хоногийн дараа илэрч байна. Бид орж ирсэн өдөрт нь амжиж сорьцоо авч, 1-2 хоногт эхний шинжилгээгээ, долоо хоногийн дараа дараагийн шинжилгээг, мөн тусгаарлалтаас гарахын өмнө шинжилгээ авдаг. Зарим тохиолдолд эмч нарын шийдвэрээр зарим хүнээс 4-5 удаа давтан шинжилгээ авч байна. 

21-22 насны гурван хүнд шинэ коронвирусийн халдвар илэрсэн Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д тусгаарлан эмчлэхээр авчирч байна. 

Дээр дурдсан шинжилгээ сөрөг гарсан 374 хүнийг нарийвчлан хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарласан гурван хүн, Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирж, тусгаарлалтад байсан 252 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарласан 40 хүний шинжилгээнд тус тус коронавирусийн халдвар илэрсэнгүй. Тандалтын зорилгоор 3 хүн, Алтанбулаг боомтоор ирсэн 65 хүний шинжилгээ, ачаа тээврийн жолооч нарт мөн илэрсэнгүй. 

Өчигдрийн байдлаар хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжлээ. 20 настай эмэгтэй 55 хоног, 19 настай эмэгтэй 46 хоног эмчлэгдсэн. Маш олон хоног эмчлэгдэж байна. 50-аас дээш хоног эмчлэгдэж байгаа хүмүүс их байна. Эмчлэгдэх хугацаа их байгааг анхаарах хэрэгтэй 202 хүнийг эмчилж, ХӨСҮТ-д 28 хүн эмчилгээнд байна. 

Биеийн байдлын тухайд 25 хүн хөнгөн, 3 хүндэвтэр, 1 жирэмсэн эмэгтэй, 1 суурь өвчтэй хүн эмчлэгдэж байна" гэлээ.