Өнгөрөгч зургадугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболдыг шүүхээс допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэн, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга хэмээх цолыг хураах нь хуульд нийцнэ гэж үзсэн.

Э.Оюунболдын давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ, барилдах эрхийг 1 жилээр хасах болгож өөрчилжээ. Нэг жилээр хасах болсон нь өнгөрсөн хугацаанд маргасан хугацааг харгалзсан байна.

Шүүх хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ

Тодруулбал, Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгийн “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг хэвээр үлдээж, хоёр дахь заалт болох “түүний барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.