Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий гүйцэтгэгч, хурандаа А.Намсаманд байгууллагынхаа цахим хуудсанд мэдээлснээр: Тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй нийт 1480 төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хэмээжээ.

УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээг ШШГЕГ хэрэгжүүлэхээр хуульчилсан.  Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчид эрүүгийн болон зөрчлийн хуульд заасан хариуцлага оногдуулах арга хэмжээ авахаар болсон юм.

Тухайлбал, Хүүхдийн тэтгэлгээ 3 сараас дээш хугацаанд төлөөгүй төлбөр төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар 30 хүртэл хоногоор баривчлах шийтгэл оногдуулдаг болжээ.