Бид 2,3 хоног дараалан ажиглалт хийж, зарим нэг биеэ үнэлэгчидтэй уулзаж яриа хөөрөө өрнүүлэн байж доорх мэдээллийг олж авлаа.

Сонгино Хайрхан дүүрэг, Саппорогийн автобусны буудал оройн 20 цагаас эхлээд л биеэ үнэлж буй эмэгтэйчүүд эргэлдэж эхэлдэг. Харин 00 цагаас хойш тэр хавь хөл хөдөлгөөнтэй болно. Албан бус тоогоор энд 80 –аад охид эмэгтэйчүүд байдаг гэж байгаа.

Эднийгээ олон жилийн туршлагатай, 40-50 орчим насны  “Загдаа” гэх бараан бор царайтай авгай толгойлдог юм байна.  “Загдаа” өөрөө ч биеэ үнэлнэ. Охид хүүхнүүдийг зарж зуучилна. Бас болоогүй бүгдээс татвар авна.

Дүүргийн цагдаагийн байгууллагаас эдгээр эмэгтэйчүүдийг удаа дараа баривчилж , хорьж байжээ. 14 хоног хүртэл л ачигдаад буцаад л гараад ирдэг юм байна. Насанд хүрсэн, өөрийнхөө дур хүслээр биеэ үнэлж байгааг нь орхиж болох. Гэхдээ тэнд бага насны охид байдаг болохыг тэр хавийн оршин суугчид ч хэлж буй.

Биеэ үнэлж байгаа захын нэг эмэгтэйгээс очоод “Арай залуу, бага насны охин авмаар байна” гэж асуугаад үзэхэд байхгүй л гэхгүй юм билээ.  Учир нь шөнийн 00 цагаас хойш тал талд л элдэв машинууд ирж зогсдог юм байна. Тухайн машинууд дотор бага насны охид байдаг гэдгийг биеэ үнэлж байгаа “эгч нар” хэлж байв. Тэдний хэлж байгаагаарай бага насны охид царай зүс, бие хаанаасаа шалтгаалаад хоногийн 150-200 мянган төгрөг байдаг гэнэ. Харин цагаар 50,000 төгрөг.

Шөнийн 00 цагаас эхлээд үүр цайтал Саппорогийн автобусны буудлын арын талбай хүний хөлд дарагдаад зогсохгүй, машинууд ч салахгүй. Машинуудын хувьд ялгаж хэлэх аргагүй. Хэн нь хүүхэн аваад, бас зуучлаад байгаа нь тодорхой бус.

Ихэнхи тохиолдолд бага насны охидыг дуудлагаар биеийг нь үнэлүүлдэг гэж байгаа. Хэрэв саппорогоос ирж авбал мөнгийг нь авч тооцоог хийгээд, тухайн машины араас дагаж явцгаадаг. Ингээд охидийг  аваачсан буудал руу орж зодоон цохион хийж байгаад аваад гараад ирдэг болохыг биеэ үнэлэгч “эгч нар” нар өгүүлж байв. Энэ бол охидыг зардаг этгээдүүдийн илүү их мөнгө олох гэсэн бас нэг арга нь гэнэ.

Охидыг бэлгийн мөлжлөгт ашиглаж байвал аваръя  

Манай улс яахав биеэ үнэлж байгаа байдлыг “хүний эрх” гэж үздэг. Магадгүй тухайн эмэгтэй өөрийн биеэ зарна уу, үрнэ үү хэнд ч хамаагүй л байх. Гэхдээ энд өнөөх “хүний наймаа” гэдэг чинь цэцэглэж байгаа юм биш үү гэсэн хардалт сэтгүүлч надад төрсөн.  Тэд үнэхээр өөрийнхөө хүсэл тэмүүллээр биеэ үнэлээд байна уу? Эсвэл хэн нэгний дарамт шахалтаар, албан хүчээр биеэ үнэлээд байна уу?  Өнөөх л хараа хяналт муутай, эмзэг ядуу бүлгийн гэгдэх хүүхдүүд “хүний наймаа” –ны золиос болж, бэлгийн мөлжлөгт ашиглагдаж байгаа юм биш биз дээ? гэдгийг хаана хаанаа бодох цаг болжээ. Хүний наймаатай тэмцэж, хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд маш олон. Тэдгээр байгууллагуудын хийсэн судалгаа тоо баримтнаас харахад бага насны охид бэлгийн мөлжлөгт ашиглагдаж , албан хүчээр биеэ үнэлдэг болох нь тогтоогдсон байдаг.  Зарим нэг нь бол аз нь таарч хамгаалтад ордог. Харин зарим нь үгүй.  Гол нь охидыг биеэ үнэлэв үү, хэн нэгний дарамтад оров уу гэдгийг тогтооход бэрх гэж байгаа. Өөрөөр хэлбэл бусдын эрхшээлд орж биеэ үнэлж буй охид  маш их айдастай, ямар нэгэн байдлаар дарамтад өртчихсөн байдаг учраас, би угаасаа биеэ үнэлдэг байсан гэж хариулдаг гэж байгаа. Ийм л учраас манайхан охидоо хамгаалж чадахгүй байгаа юм. Гэхдээ хүсвэл охидыг албан хүчээр биеийг нь үнэлүүлж байгаа этгээдүүдийг судалж, тагнаж байгаад ч хамаагүй  барьж илрүүлж, цэгцэлж болохоор санагдаж байна.  Гэхдээ сэтгүүлч биш хууль хяналтын байгууллагынхан.

Бага насны охидод дуртай эрчүүд  олон  болжээ

Насанд хүрсэн, өөрийнхөө дур хүслээр биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүд бол эрчүүдтэй тохироод л явчихдаг юм байна. Голдуу халамцуу, согтуу эрчүүд эндээс “хүүхэн” авч байгаа харагдлаа. Харин бага насны охидыг бол шууд ирээд авчихдаггүй гэж байна.  Ихэнх тохиолдолд дуудлагаар аваачдаг болохыг хүний эрхийн төлөө ажилладаг төрийн бус олон байгууллагын хийсэн судалгаанаас харж болдог. Сүүлийн үед бага насны охидод “дуртай” эрчүүд  харин олширчээ.   Хүүхэн авахаар ирсэн хүмүүсийн бараг олонх нь “бага насны охин байна уу” гэж асуудаг болсон байна. Энэ нь ч биеэ үнэлж байгаа эгч нарын дургүйцлийг багагүй хүргэдэг.  

  Нэг мөсөн “ягааны гудамж”-тай болвол яасан юм бэ?

Хаа сайгүй, тэр дундаа багшийн дээд, арслантай гүүр, саппоро гэх мэт тодорхой тооны газруудад биеэ үнэлж буй эмэгтэйчүүд байж  л байдаг. Олон жилийн өмнөөс байсаар л ирсэн. Тэгвэл одоо нэг мөсөн “Ягааны гудамж”-тай болвол ямар бэ? Ингэж тэднийг зохион байгуулалтад оруулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулвал  “эрсдэл” бага бишүү? Одоо ДОХ, бэлгийн замын халдварт өвчин газар авч байна. Үүр уурхай нь биеэ үнэлэгчид байх магадлал тун өндөр. Иймээс “Ягааны гудамж”-тай болж тэнд биеэ үнэлэгчдийг байрлуулж, сардаа нэгээс хоёр удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж яагаад болохгүй гэж. 

Надад хэлэх үг байна

Сэтгүүлч би саппорогийн тойргоор хэд хэдэн удаа эргэлдэн байж өмнөх ярилцлага болоод энэхүү мэдээллийг олж авлаа.  Ингэхдээ бид байгууллагынхаа машинтай явсан. Яг үнэндээ тэнд өмнө нь харагдаагүй машин байн байн очоод байх нь эрсдэлтэй юм байна.  Хэдийгээр энд жирийн хэн нэгэн таван цаасны төлөө биеэ үнэлж, зарж байгаа ч ард нь “хүний наймаа” гэх том бизнес явагдаж байгааг үгүйсгэхгүй. Хүний наймаа өөрөө зохион байгуулалттай, сүлжээтэй, мафи хэлбэрээр ажилладаг учраас бид гоомой хандахыг үл хүсэв.  Өөрөөр хэлбэл бага насны охидыг зарж, худалдаалж байгаа асуудлыг илрүүлэх чинь хүсэл байвал болохгүй зүйл гэж байхгүй харагдсан. Тэгэхээр хүний эрхийн байгууллагууд, хууль хяналтынхан бас сэтгүүлчид хамтарч тэмцвэл “охид, хүүхнүүдээ”  аврах боломж байгааг хэлэх байна.  

Сэтгүүлч Ж.Батхишиг

Зурагчин Г.Гантулга