Хууль, эрх зүйн туслалцаа, мэдээллийн анхны “Содон” сэтгүүлийн нээлт “Интер ном” номын их дэлгүүрт өнөөдөр боллоо.

Мэргэжлийн хуульч, сэтгүүлчдийн багийн хүч, хөдөлмөрөөр бүтсэн тус сэтгүүлийн нээлтэд хэвлэл мэдээлийнхэн болон салбарын судлаач, эрдэмтэн, хуульчид хүрэлцэн ирсэн юм. Сэтгүүлчид Иргэдийн эрх зүйн танхимтай хамтран гаргаж буй “Содон” сэтгүүл иргэдэд хууль зүйн мэдлэг олгох, шинээр батлагдан хүчин төгөлдөр болж буй болон бусад хууль, тогтоомжуудыг ойлгомжтой, энгийн байдлаар мэдээлэх аж. Нээлтийн үеэр МУБИС-ийн МоСС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш доктор С.Амартүвшин “Сэтгүүлзүй өнөөдөр төрөлжиж байна. Ийнхүү төрөлжиж байгаа нь чанаржиж буй нь нэгэн илрэл юм. Манай салбар илүү хүчтэй, чанартай болоход “Содон” сэтгүүл гол үүрэг гүйцэтгэхээр мэндэллээ” хэмээж байв. 

Түүнчлэн “Өнөөгийн нийгэмд иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дэмжин дээшлүүлэх, хууль, тогтоомжийг сурталчлан, таниулах бодлого дутагдсаар ирснийг шүүмжлэх хүн олон. Уг нь хуулийг сурталчлан, таниулах үүрэг нь төрийн байгууллага, албан тушаалтнуудад байдаг хэдий ч дорвитой ажил хийсэн нь ховор. Тийм учраас “Содон” сэтгүүл цаг, үеэ олж гарлаа” гэдгийг ирсэн зочдын зүгээс онцолж байлаа. 

Дашрамд дурьдахад “Содон” сэтгүүлийн дугаар бүр нь онцлог гарах бөгөөд иргэдэд нэн түрүүнд хэрэгтэй байгаа хууль, эрх зүйн мэдээллийг хүргэх аж. Мөн тухайн сард батлагдсан, хэлэлцэж буй болон хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, тогтоомж, журмуудыг иргэдэд ойлгомжтой байдлаар мэдээлэх гэнэ. Сэтгүүлийн анхны дугаарт гэхэд гэр бүлийн хүчирхийллийн талаар бүх талын зөвлөгөө, баримттай цогц мэдээлийг нийтэлжээ. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулиас давсан хуулийн зүйл, заалт, хар тамхины бүлэглэлд багтаж нутаг нэгтнүүдээ нэн аюултай байдалд оруулсан монгол бүсгүйн талаар Бээжингээс эрэн сурвалжилсан нийтлэл, сурвалжлага зэрэг сонирхолтой мэдээлэл багтсан байна. Үүнээс гадна иргэдэд тусгай дугаараар хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх юм.