Ж.Батзанданг монголчууд мэднэ. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хэлж, ярьж, тэмцэж, бүтээж ирсэн түүний фигурт бүгдээрээ дуртай мөн “хайртай”. Тэр өөрөө ч “Би 15 настай байхдаа л эх орныхоо төлөө зүтгэнэ гэж өөртөө амласан” гэдгээ мэдэгдэж байв.

Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гэсэн төрийн гурван өндөр албан тушаалд “ногоон гэрэл”, өрсөлдөгчгүйгээр дэвшиж, тэр хэрээрээ шинэ Монголын “Хаан”-аар өргөмжлөгдсөн Н.Энхбаярын он жилүүдийн хана хэрмийг нураахаар иргэний хөдөлгөөнүүдийг манлайлж, тэр л тэмцэж байсан нь үүний жишээ, О.Магнайгийн хамтаар. Улстөрчид Н.Энхбаярын эсрэг дуугарах нь байтугай түүнтэй ам зөрөхөөс эмээж явахад Ж.Батзандан тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхөн түүнээс шударга ёсыг шаардаж, Төрийн ордныг тойрон гороолж, түмпэн сав, поошиг нүдэж, өндгөөр “дайлаар мордох” нь энүүхэнд байлаа. Долдугаар сарын 1 хэмээх Монголын түүхэнд хар толбо үлдээсэн өдрөөр О.Магнай, Б.Жаргалсайхан нарын хамт жагсаал зохион байгуулж асныг эс тооцвол өнөөдрийг хүртэл “Шударга” дүр нь түүний имиж хэвээрээ байв. Байв гэсэн нь учиртай. Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, нарын хамт УИХ-ын даргыг огцруулах акц өрнүүлж, хоёронтоо жагсаал зохион байгуулахад оройлон оролцсон нь Ж.Батзандан. Хүссэндээ ч хүрсэн, спикер ч суудлаасаа буусан. Гэвч Ж.Батзандан гишүүн парламентч хууль тогтоогчийн хэмжээнд хүртлээ төлөвшөөгүй л явна

Өнөөх л шар бүч, хар пальтотой тэмцэгч иргэний нийгмийн хөдөлгөөний Ж.Батзандангийн дүрээр харагдах болов. УИХ-ын даргыг гишүүдийн олонхиор огцруулах Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр тэрбээр хувьсгал хийхэд хууль хэрэггүй гэж хэлж
байсан удаатай. Бүр тодруулбал, “Монгол Улс маш том хувьсгалт өөрчлөлтийн ирмэг дээр зогсож байна.
Манжийн амбаныг буулгахад хууль хэрэггүй байсан. Ард түмэн буу, морьтойгоо давхиж очоод тэмцэж байж хөөж явуулсан. Улс төрийн товчоог буулгахад хууль гараагүй.

Сүхбаатарын талбай дээр 100 мянган хүн жагсаж улс төрийн товчоог буулгаж байсан. Ямар юмных нь хууль. Хувьсгалт өөрчлөлтийн үед хууль хэрэггүй байдаг юм” хэмээж байлаа. Хууль тогтоох дээд байгууллагын эд эс нь болсон парламентч хууль хэрэггүй гэж ярьсан нь нэг талаараа ёс зүйгүй, нөгөө талаас байж болохгүй үйлдэл байсан юм. Тэр тусмаа парламентад хоёронтоо сонгогдсон хуульч Ж.Батзандан гишүүн “Ямар юмных нь хууль” гэж ярьснаараа УИХ төдийгүй Монгол төрийг үгүйсгэсэн нь энэ. Дараа нь УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр “Шинэ цагийн улстөрч гэдгээр нь Г.Занданшатарыг дэмжинэ ээ. Гэхдээ Т.Бадамжунайтай дэндүү ойрхон МАНАН бүлэглэлийн хүн. Би өөртэй чинь хүний, нөхрийн хувьд ойрхон байдаг хүн. МАНАН-гийн эсрэг жагсаал хийхэд Г.Занданшатар дарга аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Би өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан. Энэ үеэр манай Г.Занданшатарыг дэмжээд өгөөрэй гэж надаас гуйсан” хэмээн чуулганы индрээс хэлж байлаа. Наанаа Г.Занданшатарыг дэмжиж байгаа мэт
харагдавч цаагуураа Ерөнхий сайд гуйсан болохоор ийм шийдвэрт хүрсэн гэдгээ илэрхийлсэн хэрэг. Гэвч Ж.Батзандан удалгүй Г.Занданшатарыгаа үгүйсгэсэн. Үүнийгээ “Ний нуугүй хэлэхэд хэдхэн сарын өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулчихвал энэ төр сайхан болно гэж олон хүн итгэж байсан байх. Үүнд итгэсэн хүмүүс Г.Занданшатарыг УИХ-ын дарга болгосон. Гэтэл УИХ-ын үйл ажиллагаа чинь нэг л гөлийчихөөд явахгүй байна. Бид М.Энхболд гэдэг хүнийг боорлосоор байгаад огцруулсан. Түүний хойш УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ. Шийдэл гаргаж чадахгүй бол ажлаа өг гэдгийг нь хэлье.

Ерөнхийлөгч өчигдөр биднийг дуудаж уулзсан. "Наад архидалтаа болиоч" гэж хэлж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын гишүүд ордноор архи уугаад яваад байна гэсэн мэдээлэл Ерөнхийлөгчид очсон байна” хэмээн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Г.Занданшатар руугаа ноцож байв. Цагтаа МАНАН-гийн эсрэг жагсаал зохион байгуулж басчхүү Г.Занданшатараасаа дэмжлэг авч байсан тэрбээр эргээд ямар ашиг сонирхлын хүрээнд шүүмжилж, ноцох болсныг хэлж мэдэхгүй.

Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч Х.Баттулга Ж.Батзандан тэргүүтэй гишүүдийг тухайн үед өрөөндөө дуудаж уулзахдаа сануулга өгсөн байж болох ч, заавал чуулганы индэр ашиглаж ярихгүйгээр нэг удаадаа “залгиад” өнгөрөөх шалтгаан түүнд байгаагүй юм. Дан ганц Ж.Батзандан гишүүнээр үгээ дайлгах гэж Төрийн тэргүүн тэднийг өрөөндөө дуудаж уулзаагүй нь лав. Энэ бүх шалтгаан нь Ж.Батзандан гишүүнийг шударга гэхээсээ итгэж болох хүн мөн үү гэсэн эргэлзээг төрүүлсэн.

Нэгэн цагийн цогтой хамтрагч О.Магнайтайгаа хүртэл нэг завин дээр багтахаа больсон тэрбээр тулах баганаа болгож яваа Л.Болдтойгоо хомжын өдөр зам салахыг үгүйсгэх аргагүй. Л.Болдын хамт АН-аас өрх тусгаарлаж ШИНЭН-ыг байгуулсан тэрбээр бусад намын нэгдлээр бий болсон “Шинэ эвсэл”-ийг тэргүүлж, УИХ-ын сонгуульд оролцсон ч амжилт олоогүй. Улс төрийн 11 нам, 109 ТББ, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл нэгдсэн “Шинэ эвсэл” парламентад ганц ч суудалгүй хоцорч, ХҮН-д өмнүүрээ “гишгүүлсэн”.

Ядаж л тэд бие даагч Н.Алтанхуягийн хэмжээний саналын хэмжээнд хүрч чадаагүй. Үүгээр зогсохгүй УИХ-ын гишүүн байхдаа хятадуудтай газрын тос наймаалцахаар Солонгос ресторанд уулзалт товлож буй аудио бичлэг өнгөрсөн хоёрдугаар сард  олон нийтэд дэлгэгдэж байв. Тухайн бичлэгт Ж.Батзандан,“Солонгос хоолны рестораны VIP өрөөнд орчихлоо. Газрын тосны газрын дарга ирнэ. 4, 5 Хятад хүн байна. Манайхан орно. 7-9 хүн энэ өрөөнд орж ярьсан дээр байх аа” гэсэн түүний яриа тод бичигдсэн нь ил болж байсан юм.

Уг бичлэг цацагдсаны дараа Ж.Батзандан “Би гар утасныхаа бүх бичлэгийг ил болгоход айх зүйл байхгүй. Хууль бус зүйл байхгүй. УИХ-ын гишүүд гадаад, дотоодын төлөөлөгчдийг хүлээж авч уулздаг. Цаашид ч уулзана. Энэ нь хуулиар олгосон бүрэн эрх нь юм. МАНАН бүлэглэлээс сүүлийн долоо хоногт Ж.Батзандангийн бичлэгийг гаргаж тавина гэдэг шахалтыг олон хүнээр хэлүүлсэн.

Ноцтой бичлэг гаргана гэж. Бид МАНАН бүлэглэлийн хүслийг хангах гэж биш Монголын ард түмнийхээ мөрөөдлийг биелүүлэх гэж тэмцэж байгаа улс төрийн хүчин. Энэ бичлэгийг, Ж.Батзандантай холбоотой гар утасны 16 цагийн бичлэгийг чагнасан гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү яриад явж байна билээ. ШИНЭ намын дэд дарга руу яриад намаасаа гарахгүй бол Б.Хурц генерал бүгдийг нь чагнасан, удахгүй бүх бичлэгийг задална гэж ярьж. Л.Болд, Ж.Батзандан хоёрыг гар утасны бичлэгийг чагнадаг О.Баасанхүү гишүүн, Б.Хурц генерал хоёроос очиж асуусан нь дээр байх” хэмээн тайлбарлаж, асуудлыг өөрөөсөө түлхэж байлаа.

Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзалт хийх үеэрээ “Оспан баатар байгаагүй бол, Х.Чойбалсан гуайтай тохиролцоогүй байсан бол баруун хязгаар магадгүй харийн түрэмгийлэгчдийн гарт өртөх байсан. Та бүхэн энэ газар нутгаа авч үлдэж чадсан юм шүү. Би казах түмэндээ баярлаж явдаг” хэмээн ярьсан нь тухайн үедээ шуугиан дэгдээж байсан нь саяхан. Гэвч үүнээс хэдхэн хоногийн дараа тэрбээр “Намайг И.Оспан баатар гээд хэлэхээр залуучууд уурлаад байгаа юм. Залуучуудтай би санал нэг байна.

Монголчууд хэзээ ч И.Оспаныг баатар гэж хэлэхгүй. И.Оспаныг бид мэдэлгүй яах вэ. Бид “Байтаг богд” киноноос эхлээд л монголчуудыг хэрхэн зовоож байсныг мэднэ” хэмээн Баян-Өлгийд ярьснаа мөн л үгүйсгэсэн байдаг. Ийнхүү өчигдөр ярьснаа өнөөдөр үгүйсгэж, маргааш нь мартдаг Ж.Батзандан өдгөө нэгэн цагийн тэмцлийнхээ гол “бай”, улс төрд өөрийгөө таниулах “сэдэв” болгож ирсэн Н.Энхбаяртайгаа хөтлөлцөөд АН-ын хатавчинд очоод суучихлаа. Эцсийн зорилго нь Орон нутгийн сонгуульд оролцож, ялалт байгуулах замаар эрх баригч МАН-ын эсрэг тэмцэх. Сонгуулийн үр дүн хэрхэн гарахыг урьдчилан хэлэх боломжгүй ч өнөөдрийн Ж.Батзандангийн байр суурь маргааш хэрхэн хувирах нь эргэлзээтэй. Ингэхэд түүнд итгэж болох уу?!.

С.Гандөл

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН