С.Амарсайхан: Хар тамхинд ‘Гурван хүнийг эсвэл таван хүнийг дагуулж ирвэл чамд үнэгүй өгнө’ гэдэг аргаар хүүхэд, залуусыг татан оруулж байна
17 минутын өмнө

УИХ-ын гишүүн С.Амарсайхан өнөөдөр /2026.11.13/ хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт болон Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэд, тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Энэ төрлийн гэмт хэргийг хаацайлдаг албан тушаалтнууд, хүмүүс байна. Хэрэг өөрөө зохион байгуулалттай сүлжээнд орсон. Гаднаас нийлүүлдэг болон дотоодод тогтоогдсон асуудлуудыг бид олон нийтэд мэдээлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Хэрэглэгчдийг зөвхөн яллахаас илүүтэй тэднийг зориудаар донтуулах замаар зохион байгуулалтад оруулдаг хэлбэрүүд бий болсныг анхаарах ёстой.
Тухайлбал, ‘Гурван хүнийг эсвэл таван хүнийг дагуулж ирвэл чамд үнэгүй өгнө’ гэдэг аргаар хүүхэд, залуусыг татан оруулж байна.
Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдэдээ онцгой анхаарал хандуулах цаг болсон. Манай улс 3.5 сая хүн амтай. Үүний 70 орчим хувь нь 34 хүртэлх насны залуучууд байна. Гэтэл энэ залуус зуу зуун мянгаараа хар тамхинд живээд орчихвол бидэнд ирээдүй хойч үе гэж байх уу, улс орон гэж оршин тогтнох уу?
Үе үеийн сайд нар яагаад энэ асуудалд онцгой анхаарал хандуулж чадаагүйг би гайхдаг.
Ил ярьж болохгүй, сурталчилгаа болно гэж нуусаар байгаад өнөөдрийг хүрсэн нь цаанаа зохион байгуулалттай, улс орныг зориудаар хар тамхинд живүүлэх гэсэн далд бодлого байсныг ч үгүйсгэхгүй.
Хар тамхитай тэмцэж байгаа хэдэн зуун алба хаагч мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээрээ тэмцэж байгаа ч тэднийг дэмжих төрийн бодлого, хууль хяналтын байгууллагын чадавх сул байна. Энэ сул талыг гэмт сүлжээнийхэн ашиглаж байна.
Хэрэв бид одоо таслан зогсоож, шаардлагатай арга хэмжээг авахгүй бол дахиад 3-5 жилийн дараа ирээдүйн тухай ярих ч боломжгүй болно.
Энэ бол зөвхөн цагдаа, Хууль зүйн яамны ажил биш. Цагдаа нар ажиллаж байгаа ч дээд түвшиндээ нөлөөлж байгаа нөхдүүд байна. Нөгөө талдаа Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд оролцох ёстой. Нийгмийн бүх салбарыг хамарсан, хүний амьдрал, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой энэ асуудлыг бусад яамд хаяж болохгүй” хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
– Хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан. Гадаадын иргэн, харьяатын газар болон хилийн бүртгэлтэй холбоотой асуудал яригдаж байсан шүү дээ?
-Энэ асуудлаар би УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд албан хүсэлт хүргүүлсэн. Монгол Улсын хилээр орсон гадаадын иргэд, тээврийн хэрэгсэл, зорчигчдын мэдээллийн сан устсан ноцтой хэрэг гарсан.
2024 оны хоёрдугаар сард систем нь ажиллагаагүй болж, мэдээлэл нь устсан бөгөөд өнөөдрийг хүртэл яг ямар түвшинд байгаа нь тодорхойгүй байна.
Би ажлаа аваад энэ чиглэлээр холбогдох мэдээллүүдийг цуглуулсан. Хилээр орж, гарсан мэдээлэл дахин сэргэхгүй хэмжээнд хүрсэн эсэхийг нарийн тогтоох ёстой. Яагаад энэ мэдээллийг өнөөдрийг хүртэл нуун дарагдуулсан юм бэ? Үүнээс үүдээд хилээр ямар хүмүүс орж ирсэн, хэчнээн иргэний бүртгэл арилсан, энэ нь улсын аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг шалгах хэрэгтэй. Цаашилбал, хилээр байгалийн баялаг, ачаа тээвэрлэж, экспортолсон асуудлыг нуун дарагдуулахын тулд устгасан уу гэдгийг тодруулах шаардлагатай байна.
Намайг ажлаа өгөхөөс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс эдгээр асуудлыг танилцуулах үүрэг өгсөн.
Би Байнгын хороон дээр энэ асуудлыг ярьж, тодорхой болгоно. Тухайн үед буюу 2024 оны хоёрдугаар сард систем доголдож, мэдээлэл устах үед Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, салбар хариуцсан яам зэрэг холбогдох агентлагуудын удирдлагад хэн байсан бэ гэдэг нь тодорхой байгаа.
– ШШГЕГ-ын дарга болон бусад албан тушаалтнуудыг чөлөөлөх шийдвэр хэрэгжээгүй. Энэ тал дээр та юу гэж бодож байна вэ?
-Өнөөдрийг хүртэл нэг ч албан тушаалтныг чөлөөлөөгүй байна. Үүний цаана улс төрийн шалтгаан, асар том эрх ашиг бий. Хар тамхины сүлжээ, хууль бус алт олборлолт, хилээр нэвтэрсэн иргэд болон тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан хэрэг зэрэг олон асуудал зэрэгцэн өрнөсөн.
Миний сайдын албан тушаалыг өгөх, авах бол энэ улс орны аюулгүй байдал, хар тамхинд живж буй залуусын ирээдүй, дээрх ноцтой хэргүүдтэй харьцуулахад юу ч биш.
Энэ бүхний араас явж, заавал эцэслэн тодорхой болгох ёстой. Хүмүүсийг чөлөөлөхгүй байгаагийн цаана хууль бусаар мөрдөн мөшгөх, тагнах, чагнах ажиллагаа явуулсан, далд ажиллагаа нэрээр төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан зэрэг ноцтой асуудлууд ил болж, дотоод хяналт шалгалт орохоос эмээж буй явдал бий. Өөрөөр хэлбэл, албан тушаалтнууд өөрсдийн арьсаа хамгаалж, урьдчилан сэргийлж байгаа хэлбэр юм.






