- Юу ч хийхээс буцамгүй нэлээд хүнд гарын нөхдүүд байх. Зарим нь шорон оронгоор ч ороод гарцгаасан. Бизнес эрхлээд шальсан юмгүй атлаа 570, 200 ээлжилж унаад л хүүгүүлэх. "Ойртох дэмий, болгоомжтой" гэж зарим нь сануулна. Яагаад гэхээр "Тэр гишүүний, тэр даргын хүн" гэнэ.

"Бүр яагаад?" гээд ухахаар тэр гишүүн болон тэр даргын хар бор ажлыг нь нугалж өгдөг хүмүүс болоод явчихна. Хар бор ажил нь юув гэхээр тендер, лиценз, зөвшөөрөл, цавчаа, хувьчлал, авилгын мөнгө төгрөг, дээрэм, луйвар бүхнийг даргын нэрээс ихээ холуур ихээ цэвэрхэн зохицуулдаг, бас өрсөлдөгчид болоод замд нь саад болсон нөхдүүдийг дарамтлах, айлгах, нураах, гутаах ажлуудыг хэлдэг аж. Асуудал гарвал тэд үүрнэ, харин хуулийн хүрээнд нөгөө дарга нар нь зохицуулж, мултална. Том ар, Том ах гэдэг нь тэр. Тэд нь наанаа дэлгэцээр гэмгүй сайхан төрхтэй мэлмэрч, эсвэл шударга ёс ярин ширээ шааж, шударга ёсоор цангасан ард түмний цусыг буцалгана.

- 2003 онд санагдана, дүүрэгт жирийн нэг гүйцэтгэх ажилд ороход тухайн дүүргийн Намын хороонд хоёр гурван сая төгрөг тушаадаг жишиг дөнгөж эхэлж байв. /Нам гэдэг мафи биш шүү гэж тэр үед бичиж байсан/ Хотын мафи гэгддэг бүтэц өндийж байсан хэрэг. Одоо энэ мэт нь явсаар жинхэнэ утгаараа мафи шинжтэй болчихсоны илрэл нь өнөөх 570, 200 сэлгэж унаад, энд тэнд хүн айлгаж дарамтлаад явдаг нөхдүүд. Хэдийнэ мэргэжилтнүүд болцгоочихсон, ажлаа цэвэрхэн амжуулна. "Ах хүү та юу аль тендер, хувьчлал сонирхож байна, дүү хүү нь зохицуулна шүү" л гэнэ. Төлбөр нь л жаахан өндөр болохоос боломжгүй мэт зүйлсийг ч зохицуулж чадна. Сайхан адал явдалт зохиолын сюжет бэлэн.

Том артай учир хариуцлагад татагдана гэж бараг л үгүй. Татагдсан нэг хоёр нь ёс төдий суугаад суллагдана. Томчууд нь болохоор их сайндаа албан тушаалаасаа буугаад л нам жим. Дээгүүрх томчуудынх нь зөрчил, тэмцэл хурцадхаараа хуулийн нэрээр нэгнээ шоронд хийнэ. Тэр нь ихэнхдээ олон түмэнд шударга ёсны төлөөх тэмцэл болон харагдаад, нулимсыг нь мэлмэрүүлж, алгаа хорстол ташицгаах нь гашуун. Тэгэж ч зохион байгуулна, итгүүлнэ, жүжиг тавина.

Ер ямар ч юманд, ямар ч ноцтой асуудал гарсан олон түмэн нэг бухимдан шуугиад л нам. Бүр дөжирч дасаж орхисон. Сүүлдээ тийм л байх ёстой мэт ойлголт бэхжих талруугаа. Сүрэг болгож буйн шинж. Энэ даамжирвал жинхэнэ сүйрэл болно. Бизнес хийх ч завгүйгээр төрдөө өглөө үдэшгүй үхэн хатан зүтгэдэг манай томчуудын хадгаламж гэнэтхэн тэрбум тэмбумд хүрээд байдагт гайхдаг хүн ховор болсон.

- Хувиараа бизнес эрхэлдэг найз маань ярьж байх юм. 2010 оны үед авилга харин ч гайгүй байж. Одоо цахимжлаа, шилэн боллоо л гэнэ. Бүр шал дордсон. Арга нь их нарийссан. Ялангуяа намд нь хамааралгүй бол бүр хэцүү гэх.

- Ямар нэгэн намаас ангидаар мөнчгөрөөрөө шударга зүтгээд төрийн албанд карьер ахисан залуусыг олоход өдрөөс өдөрт бэрх болж байна. Ялангуяа орон нутагт энэ бүр илэрхий болсон. Яагаад гэвэл бүх шатны албан хаагчид намд үнэнч байхгүй бол нам дараагийн сонгуульд амжилт гаргаж чадахгүй. Энд албан хаагчдын чадамж, бүтээмж, хүн ёс, боловсрол тийм ч чухал биш. Намд үнэнч байх нь чухал. Тиймээс өнөөдөр ихэнхдээ төрийн бүх шатны томилгоо намын шалгуураар ордог болоод удаж байна. Засаг шинээр солигдохоор яамд, төрийн байгууллагуудад бөөн бужигнаан болдог, түүнээ зүй ёс гэж итгэдэг болсон. Өнөөх төрийн албаны хууль, бодлого тогтвортой байх, мерит зарчим энэ тэр ёстой где??? гэдэг л болсон.

***

Хөгжлийн нэг томоос том гацаа бол намчирхал, талцал. Уг нь үзэл бодол, концепцийн ялгарал байх ёстой атал бодит байдал дээр хамгийн явцуу эрх ашгийн зарга тэмцэл, гүндээ улс төр, санхүү-эрх ашгийн мафи шинжтэй тэмцэл.

30 жилийн өмнө нэг намын дарангуйллаас саллаа гээд баярлаад байх шиг болсон, одоо нэлээд хэдэн мафи шинжтэй бүлэглэлийн эрх ашгийн зөрчлүүдийн дарангуйлал дор орчихсон. Хачирхалтай нь түүнийг нь ардчилал яг ийм байх ёстой гээд тархи угаачихсан, ийм л жамтай гээд итгүүлчихсэн учир дасаж, дадаад, эсэргүүцэх, тэр гинжнээс салах хүсэл эрмэлзэл маш сул болж байна, жилээс жилд. Ганц нэг эсэргүүцсэнийг нь элдвээр нам дарахаа сайн мэднэ, бас илбэн зохицуулна, тохинуулна. Зарим нь намдаа хайртай гэж жигтэйхэн, хайртай байж болно л доо. Гэхдээ хайртай хэрээр мафийг улам өөгшүүлж буйгаа мэддэггүйд л эмгэнэл нь байдаг.

***

Өнөөдрийн Орон нутгийн сонгууль намчирхлыг дахиад хурцаар сэдрээж байна. Ер нь ч намчирхлаас ангид байх боломжгүй юм. Учир нь ийм систем нэгэнт бий болчихсон, маш бөх бат суурьтай болжээ.

Өнгөрсөн 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн нөхдүүд маань "Одоо намчирхал талцлаас ангижраад сайхан болчихно оо" гээд байгаагүйсэн биш билүү? Худлаа. Огт боломжгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нам нэртэй мафийн тогтолцоог өөгшүүлж, дэмжсэн систем нь яг хуучнаараа хөндөгдөөгүй үлдсэн юм. Хэрвээ энэ гацсан системийг өөрчилчихвөл нам нэрийн дор эрх ашгаа цэцэглүүлдэг алтан боломжууд нь тодорхой хэмжээгээр хумигдаж, аажмаар хаагдчихаж мэдэх тул хүсэл сонирхолгүй байсан хэрэг. Айдас их байх нь ч аргагүй. Тиймээс ёс төдий өнгөн засвар хийгээд өнгөрсөн, ард түмний тархийг угаасан, түүндээ хуулийн зүйл заалт мэдэхээс амьдрал, үндэсний онцлог, сэтгэлгээ мэдэхгүй хэдэн залуусыг түлхсэн. Ийм л юм болсон.

Золиосонд нь бидний хүүхдүүд, үндэстний ирээдүй явчихдаг л хэцүү юм.

Б.Наминчимэд