Өчигдөрөөс эхлэн мэдээллийн зарим сайтаар сурагчдын амралтын хугацааг наашлуулах талаар БСШУЯ-наас ярилцаж байгаа талаар мэдээлж эхэлсэн билээ.

Тус мэдээлэлд дурьдахдаа,  сурагчдын өвлийн амралтыг арванхоёрдугаар сарын 15-наас болгож, наашлуулахаар, харин “ковид-19”-ийн тохиолдол нэмэгдэж, идэвхжвэл арванхоёрдугаар сарын 1-нээс амраах гэсэн хоёр хувилбараар ярьж байгаа хэмээн мэдээлсэн юм.

Тэгвэл мэдээллийг холбогдох яамнаас няцаан дараах мэдээллийг өгсөн байна. Энэ талаар Боловсролын яамны мэргэжилтний өгсөн тодруулгад, сурагчдын амралтын хугацааг наашлуулах талаар яригдаагүй. Хэрэв ийм нөхцөл байдал үүссэн бол Эрүүл мэндийн яам саналаа боловсруулж, манай яамтай зөвшилцөн Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулдаг. ЭМЯ-наас ийм санал оруулж ч ирээгүй байна. Иргэдийн дунд санал асуулга явуулж амралтын хугацааг наашлуулах үндэсгүй. Нөхцөл байдлын мэдээлэлд үндэслэж шийдвэр гаргадаг. Амралтын хугацааг наашлуулах талаар иргэдээс санал авч байгаа болоод наашлуулахаар санал оруулж, хэлэлцүүлж байгаа гэх мэдээллүүд худал гэж мэдэгджээ. 

 Засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийг хэвийн горимд шилжүүлж, сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 21-нд эхлүүлж, хоёрдугаар сарын 1 хүртэл амраахаар болсон. Өөрөөр хэлбэл, энэ жил анх удаа хичээлийн жилийг 3 улиралтай явуулах бөгөөд хичээлийн өвлийн амралт 45 хоног буюу урт үргэлжилснээр томуу, томуу төст өвчнөөс сэргийлнэ гэж үзэж байгаа юм.