Жил гаруйн өмнө, 2019 оны гуравдугаар сард Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувь төрийн мэдэлд албан ёсоор очсон.

Ингэж эдгээр нь 100 хувь төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон. Харин ОХУ-ын эзэмшилд байсан 49 хувийг худалдаж авчирсан “Монголын зэс корпораци”-ийнхан Засгийн газрын дээрх шийдвэрийг хууль бус хэмээн үздэг. Тиймээс Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгөхөөр болжээ. “Монголын зэс корпораци”-ийнхан өнгөрсөн онд олон улсын хуулийн фирмтэй хамтран ажиллаж эхэлсэн байна. Гэхдээ Засгийн газартай хийх хэлцлийн үр дүнгээс шалтгаалж Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргах эсэхээ шийднэ.

Хэрвээ “Монголын зэс корпораци” нь Арбитрын шүүхэд хандвал “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” дэх ОХУ-ын 49 хувийн эзэмшлийг худалдаж авахад гаргасан зардал, шилжүүлж авснаас хойших ногдол ашиг болон алдагдлыг Засгийн газраас нэхэмжлэх юм байна. Тэдний тооцооллоор энэ нь 210 орчим сая ам.доллар болж буй ажээ.

Өдгөө Засгийн “Рио Тинто”-тай татварын асуудлаар Арбитрын шүүхэд заргалдаж байгаа. Хэрвээ “Монголын зэс корпораци”-тай ойлголцолд хүрэхгүй бол дахиад Арбитрын шүүхэд дуудагдана гэсэн үг. "Монголын Зэс корпораци"-ийн эзэн нь Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, "Сахал" хочит Д.Эрдэнэбилэг билээ.

 

Ө.БААСТ 

сонин.мн