(Халамжийг хавтгайруулж, "энэ муусайн өндөр настан, өрх толгойлсон хүүхнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд нялхасыг тэжээсээр улс орон хоосорлоо гэнэ! Хэн нь хоосолж байгаа бол?!) 

Би ч бас халамжийн хүний нэг. Үе үеийн эрх баригчид “уяаныхаа ноход”-оор биднийг боорлуулаад байхаар, энэ улс орныг ер нь хэн цөлмөж хоослоод байгааг хэрэндээ судлаж үзье гэж бодсон юм. Хэсэг бүлэг хүн л өглөө үдэшгүй биднийг дайрч доромжлоод байгаа шүү дээ. Хавтгайрсан халамж идээд гэдэс нь цоордоггүй юм байх даа гэж хүртэл жиргэсэн. Монголд халамж эдлэж байгаа 1.4 сая хүн бий гэж бичсэн байна билээ. Ер нь янз бүрийн л тоо гарч ирээд байгаа.

Юутай ч тэтгэвэр авдаг 400 мянга гаруй хүн, хөгжлийн бэрхшээлтэй 200 мянга орчим хүн байгаад эргэлзэх явдалгүй. Тэтгэвэр л гэхэд 180 мянгаас 1.2 сая төгрөгт эргэлддэг юм гэнэлэй. Хүүхдийн 20 мянга, тэжээгчээ алдсаны, алдар цолтны... гэх мэт халамж олон бий. Саяхны нэг статистикаар улсын хэмжээнд 70 гаруй төрлийн халамжийг давхардсан тоогоор 2 сая 800 мянган хүн авч байгаа гэв үү?!

Халамж гэдэг чинь ядуу буурай Монголд байтугай ямбатны эх орон гэдэг АНУ, Англи, Франц, Герман, Бельги, Щвейцарь гэхчлэн дэлхийн бүх улс оронд байдаг зүйл. Нэр хаяг, чадал чансаанаасаа болоод өөр өөр болохоос биш, бүгд л халамжийн хуультай тогтолцоотой, түүнээ хатуу чанд мөрдөж байдаг. Манай улсад Ардчилсан хувьсгал ялсны дараахан АНУ-ын хоёр ахмад сэтгүүлч Монголд айлчилж билээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Ц.Дашдондов маань тэр хоёрт манайхыг заагаад өгчихөж. Нэг оройжин ярилцах завшаан тохиов. Тэр хоёр ахмад сэтгүүлч чөлөөнд гарсан, сарын 6000 ам.долларын тэтгэвэр авдаг хэмээн намайг алмайруулсан. Одоогийн ханшаар бол 17-18 сая төгрөг юм уу даа. Тэгээд эдлэн газар, хэд хэдэн орд харш, бас хувийн үйлдвэр үйлчилгээний газруудтай гэсэн. АНУ-ын жирийн л нэг сурвалжлагчийн халамж тэр.

Би бас БНХАУ-ын халамжийн тогтолцоог сонирхож явсан. Дээд сургуулийнх нь өвгөн профессорын биеийн хэмжээг аваад үнэ төлбөргүй костюм хийгээд өгчихдөг юм билээ. Ийм баримт олон бий. Улс үндэстнүүд иргэдээ янз бүрээр халамжилдаг. Тэгтэл манайд хэдэн төгрөг өгөхөөр нь л “халамжийг хавтгайруулж улс орныг хоосрууллаа” гэж хашгиралдаад байгаа нь хэр зэрэг зөв бодлого юм болдоо?! Энэ чинь, амьдрал хангалуун, төр засгийн удирдлагад “урт хэл” хүргэж нэр хүнд олох гэсэн хэсэг зуйрган нөхдийн бодлого гэж харж байгаа. Тэгээд ч Монголын ард түмэн халамжгүйгээр амьдрах аргагүй болчихлоо. “Хүмүүсээ ядуу байлга! Та нар чадлаараа баяж! гэсэн харь гүрний колончлолын бодлого олон арван жил явж, жирийн монгол хүн үнэгүйдлээ. Хар даа та нар. 

Оюутолгойд адилхан ажиллаж байгаа гадаадын иргэн сард 10 сая төгрөгийн цалин авч байхад монгол хүн 1-2 сая төгрөг л авч байгаа. Улаанбаатар хотын зам барилгад ажиллаж байгаа монгол хүний цалин гадаадын иргэнээс бас л хэд дахин доогуур. Цалин тэтгэвэр нэмэгдэхгүй хэрнээ, өдөр тутмын хэрэгцээт хүнс, барааны үнэ байнга нэмэгдэж байгаа ийм улс оронд халамжийг үзэн ядах үзэл газар авч байгаад олон түмэн бухимдахгүй яах юм?!

Тэгвэл, улсын нийгмийн даатгал, халамжийн сан хөмрөгийг хэн хоосолчихоод байгааг хэдэн баримтаар авбал илүү ойлгомжтой болох болов уу. Шулуухан хэлэхэд бидний нэрээр асар их мөнгийг төсөвт тусгуулж аваад өнөөх эрх баригчид, тэдний гэр бүл, ойр дотныхон хуваагаад идчихдэг юм. Нэлээн хэдэн жилийн өмнө, нас барсан арван мянга орчим иргэнийг үхээгүй болгоод тэтгэвэр, халамжийг нь хувайж авч байдаг бүлэглэл илэрсэн. Таалал төгссөн ээжийн минь халамжийг хүртэл хүртэж л байсан юм билээ. Их дээрээс нууцаар зохион байгуулж байсан энэ хэргийг ил тод барагдуулж, Яамных нь сайдаас эхлээд хариуцлага тооцох байх гэсэн чинь цөөн хэдэн гүйцэтгэх ажилтанд бурууг өгч хариуцлага тооцоод бусад нь нуугдаж хоцорсон. Одоо хүртэл гэм зэмгүй царайлаад өндөр дээд албан тушаал хашиж л байгаа.

Бас нэг сонин баримт илрээд хав дарагдсан. Манай сайд дарга нар, мяндаг тушаалтнууд сав л хийвэл БНСУ-ыг зорьж, хамрын ханиад хүрсэн ч “шинжлүүлнэ”, “эмчлүүлнэ” гээд явчихдаг шүү дээ. Түүний булхай илэрсэн. Өнөөх халамжийн мөнгийг чинь аваачаад Солонгосын дансанд хийчихсэн, түүгээрээ эмчлүүлж сувилуулж, амарч зугаалж байдаг нь илрээд бөөн шуугиан тарьсан. Дээрээс маш шуурхай дарж авсан даа. Нарийн шалгалгүй л орхисон байх.

Хамгийн сүүлийн үеийн баримтаас авахад нийгмийн даатгалын зуу гаруй тэрбум төгрөгийг арилжааны “Капитал” банканд байршуулж байгаад банкийг “зориуд” дампууруулсан. Энэ их мөнгө одоо хүртэл жинхэнэ эзэддээ эргэж ирээгүй, хэдэн эрх мэдэлтний хооронд чулуудагдсаар одоо замхрахад хүрч байгаа. “Капитал” банкны эздийн нэг УИХ-ын гишүүн асан Ундармааг огт өөр зүйлээр баривчилж ял тулгасан боловч хэд хонуулаад суллаж байгаа юм. Бодвол эрх баригчдын хэн нэг нь “за яахав 2.6 жилийн ял хүлээчих. Чамайг удаахгүй. Арыг нь би даана” гээ биз. Томчуудын наймаа ийм. Их мөнгөтэй, тэр тусмаа эмэгтэй хүнд арга хэмжээ авахаа больсон. Ард түмэн бол “Баян хүнд ял эдлүүлж болдоггүй юм бол, ядаж мөнгөө олж ав” л гээд байгаа. Ийм баримт олон арав, зуугаараа бий. Эндээс та нар нийгмийн даатгалын шимтгэл, халамжийн мөнгийг хэн зувчуулж цөлмөөд байгааг харж байгаа байх. Тэрбум тэрбумаар нь идэж ашиглаж байгаа. Тэгсэн хэрнээ хариуцлага тооцож ял эдэлдэг, эргүүлж төлдөг тогтолцоо байхгүй болсон.

Авилгатай тэмцэх газар, цагдаа тагнуулынхан нь гэмт этгээдийг бариад, шалгаад өгөхөөр хэдэн шүүгч прокурор нь гадаадад оргуулчихдаг, бүр гадаадын иргэн болгоод замхруулна гээч. Эх орноосоо оргож, урваж, гадаадынхантай хоршиж, сүлбэлдэж яваагийнх нь “аз” болоод өнгөрдөг жишиг Монголд л байна. Бусад орныг хар даа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараа хүртэл интерполоор эрэн сурвалжилж авчраад ял оноосон, эх орноосоо урвасан хэмээн үзэж цаазалсан баримт ч олон байна. Манайх бол оргосон оргуулсан хоёрын толгойг ав адилхан илж суудаг хуульчидтай.

Нийгмийн даатгалын хөрөнгө, халамжийн мөнгө жинхэнэ эзнээ олдогсон бол Монголд ийм олон өрх, ядуу хүн байх ёсгүй юм. Хавтгайрсан халамжаар тэжээгдэж байгаа хэмээн нүдэнд нь хүйтэн харагдаад байгаа хэдэн хүний чинь авах ёстой, нэмүүлэх ёстой жинхэнэ халамжийг чинь эрх мэдэл бүхий хэсэг хүн идчихээд байгаа юм. Би бас л хоёр баримт авъя. Халгиж цалгисан мянгат малчинд өнөөх хүнсний талоноос чинь өгдөг, цаадах нь авдаг юм байна. Хичнээн мянгат малчныг ингэж “халамжлаа” бол?! Баян-Өлгий аймагт 30 эмч холбогдоод 300 гаруй хүнийг хуурамч бичиг баримтаар групп-д оруулчихсан байх юм. Бодвол групп тогтоолгоод их мөнгө авдаг, тогтоож “халамжилсан” комиссынхон, эмч нар нь хувь хүртдэг байх л даа. Зөвхөн Баян-Өлгийд илэрсэн нь энэ. Бусад аймаг хотуудыг бүхэлд нь шалгавал ямар аймаар тоо гарах бол?! Улаанбаатарт л гэхэд гудамж дүүрэн согтуу хүн явж байгаа. “Эд хаанаас мөнгө олоод уучихдаг юм дээ?” гэхэд бараг бүгдээрээ л “групп”-тэй гэнэ. Өнөөх “халамж”-ийг чинь ийм хүмүүс л эдэлдэг байхгүй юу. Энэ бүхнийг хянадаг, шалгадаг байгууллага, хүн гэж байхгүй болсон. Бүгд хоорондоо нууц холбоотой. Манай ажил иймэрхүү л байгаа! Харин сүүлийн үед Монгол дахь нийгмийн даатгалын тогтолцоо, халамжийн сан хөмрөгийг зөв гольдролд нь оруулах гэсэн залуучуудын санал санаачлагууд гарах болж. Даан ялангуяа УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй хүмүүсийн санаачилсан “хувийн тэтгэврийн сангийн хууль” бусад дагалдах хуулиудын үзэл санааг би хувьдаа дэмжиж байгаа. Зарим зүйлд нь миний ухаан хүрэхгүй л юм билээ. Гэхдээ зөв алхам. Н.Учрал хүү яавч буруу зөрүү юм хийхгүй. Би эцэгтэй нь бага залуугаасаа үерхсэн, монголын шудрага дайчин хүн гэдгийг нь мэдэх учраас тэр. Ц.Ням-Осор бол Ардчилал зах зээлийн нийгэмд анхлан хөл тавьснаасаа л хойш л бор зүрхээрээ зүтгэн, Их засаг их сургуулийг үүсгэн байгуулж, Монголын Үндэсний эв нэгдлийн намын үндэс суурийг тавьж өдий зэрэгт хүргэсэн аав л даа. Ийм хүний үр ач улстөрд орж ирээд, ард түмнийхээ төлөө шинэ зүйл бүхнийг санаачлан зүтгэж байгаад нь баярладаг юм. Тэрээр хувийн тэтгэврийн сангийн хуулийг УИХ-д өргөн барьсан, хэлэцүүлсэн. “Хувийн тэтгэврийн сан”, “4хувь” “өв залгалжлал” гэхчлэн олон шинэ сэргэг зүйл байна.

Гэлээ ч би нэг зүйлд санаа зовдог юм. Энэ хуулийг зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй олон хүн бий. Даан ялангуяа хувийн тэтгэврийн сан! Монголд мөн ч олон сан байгуулсан даа. Миний л мэдэхийн хорь гучин сан байгуулсан. Ямар сайхан зорилготой, итгэл үнэмшилгэй байгуулдаг гээ! Нэг нам нь гарч ирээд л удирдлагад нь өөрийнхөө даамлыг томилж байгаад, хувааж аван дампууруулчихдаг. Хамгийн сүүлд л гэхэд “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан” яав?! Хэдэн хүн тэрбум тэрбумаар нь хувааж аваад байхгүй болгосон. Ирэх жилийн төсөвт сохор зоос ч тусгаагүй сураг байна.

Ингэж, аливаа санг хоослохыг зохион байгуулсан, гардан удирдсан хүмүүс нь албан тушаал, алдар цолоор “шагнуулаад”, золиослох хэдэн хүн нь ял үүрээд л замхардаг байхгүй юу. Тэхээр чинь би наад хувийн тэтгэврийн санд чинь итгэл алдраад байгаа юм. Өндөр мэдлэг боловсролтой, шудрага дайчин Н.Учрал нар энэ санг байгуулаад, удирдаад, хянаад явах боломж муутай л байх. Дараагийн засгийн газар гарч ирээд, энэ сангийн хэдэн төгрөгийг хамаж аван “дампуурсан” гээд устгахыг байг гэх газаргүй л бол уу?!

Хавтгайрсан халамж нэрээр хэдэн буурайгаа, хэдэн өрх толгойлсон хүүхнүүдээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ нүд үзүүрлэн занаж зүхээд байгаа хүмүүст энэ хөдөлшгүй үнэнийг зориулж байгаа юм. Ухаантайхан удирдлага бол, хурааж хумиж өвлүүлсэн ахмад үеэ, залгамж халаа залуу балчир үеэ халамж хайраар дутаалгүй авч явдаг юм гэнэлэй. Өнөө үеийнхэн ч хоолыг нь булааж идчихээд, ход ход инээж суудаг болоо шив дээ.

Г.Жамьян МУСГЗС