Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар алдсантай холбоотойгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн. Монголын Сайтын холбоо цахим орчинд мэдээлэл бэлтгэн нийтэлж байгаа редакциудад хандан дараахь уриалгыг гаргаж байна.

1. Хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч нар цар тахлын үед редакцийн зохион байгуулалтаа ажилчдын санааг тусган нухацтай ярилцаж, ажил үүргийн хуваариа тогтоож, хөдөлмөрлөх аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах.

2. Редактор, сэтгүүлчид үйл ажиллагаандаа мэргэжлийн байх, ёс зүйг эрхэмлэх үүргээ сахих.

3. Аливаа мэдээллийг түгээхдээ хүний эрх, эрх чөлөө, аж ахуйн нэгжийн бизнесийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандах.

4. Олныг төөрөгдүүлэхээс сэргийлэн мэдээллийн гарчиг, зураг, тайлбарыг оновчтой, салаа утгагүй өгөх.

5. Мэдээллийг олон талын эх сурвалжаас тодруулж, сайтар нягталсны үндсэн дээр нийтэд түгээх.

6. Цар тахалтай холбоотой мэдээллийг албаны, ил эх сурвалжаас тодруулж, боломжтой бол эх сурвалжийг дурдах.

7. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг редакцийн бодлогоор дэмжих.

8. Олныг үймээн самуунд турхирсан, худал ташаа, ор үндэсгүй мэдээллийг өөгшүүлэхгүй байхыг уриалж байна.

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО