УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж байгаатай холбогдуулан МАН-ын бүлэг дүгнэлтээ танилцууллаа. Эдийн засгийн өнөөгийн хямрал нь гадаад, дотоод шалтгаан гэхээсээ илүү Засгийн газрын бодлогын алдаатай шууд холбоотой гэж эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэний нийгмийн төлөөллүүдээс эхлээд ард түмэн үзэж байгаа нь олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгээс харагдлаа.

Шинэчлэлийн гэх Засгийн газар хоёр жил хүрэхгүй хугацаанд улс орны эдийн засгийг хямралт байдалд хүргэснийг Үндэсний статистикийн хороо төдийгүй  олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын тайлан мэдээ ч давхар нотолж байна. Өнгөрсөн онд инфляц 12.5 хувьд хүрч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 20-40 хувь өссөн. 2014 оны эхний улирлын байдлаар нийт тэтгэвэр авагчдын 83,2, нийт ажиллагсдын 30,5 хувь нь цалин, тэтгэврийн зээлтэй болсныг статистик тоо баримт харуулж байна. Өөрөөр хэлбэл, уруудсан эдийн засгийн хор уршиг айл өрх бүрийн хаалгыг тогшиж эхэлсний шинж юм. Төсвийн орлогын тасалдал цаашид үргэлжилсээр байвал энэ оны төгсгөлд ард түмний цалин, тэтгэврийг хугацаанд нь тавьж чадахгүй байдалд хүрэхээр байна.

        Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан арга хэмжээнүүд үр дүн муутай, тунхагийн шинжтэй байгаа нь Засгийн газар бий болсон нөхцөлд зөв онош тавьж, дүгнэлт хийж чадахгүйг илэрхийллээ гэж МАН-ын бүлэг дүгнэж байна. Монгол Улсын бүхий л үзүүлэлтүүд сайн байх үед улс орныг хүлээн авч шинэчлэл нэрээр хоёр жил хүрэхгүй хугацаанд сүйрэлд хүргэсэн эрх баригчид эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлнэ гэдэгт итгэл төрөхгүй байна гэж дүгнэлтэд дурджээ. Ийм учраас хэд хэдэн арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхийг сөрөг хүчнээс эрх баригчдад санал болголоо.

 

Дархан цаазат болон тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлохыг дэмжихгүй

 

Тогтоолын төсөлд тусгасан 23 арга хэмжээний 17 нь Ардчилсан намын сонгуулийн амлалт байгаа нь хямралыг давах бус өмнөх амлалтаараа ард түмнээ дахин хуурах гэсэн оролдлого юм. Эрх баригчид хөрөнгө оруулалтыг биш өр зээлийг илүүд үзэж өндөр хүүтэй богино хугацаатай зээлийг дахин авахаар санаархаж байна. Энэ нь хойч үеэ дааж давшгүй өр төлбөрт унагаж эх орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг алдагдуулах алхам болно гэдгийг МАН-ын бүлэг санууллаа.

Хямралыг давах халхавчин дор дархан цаазат болон тусгай  хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах далд санаагаа хэрэгжүүлэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа тул төсөлд заасан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ил тод, нээлттэйгээр ярилцах ёстой. Төрийн өмчит уул уурхайн олон аж ахуйн нэгж байхад “Монголын баялаг холдинг” хэмээх компанийг нэмж байгуулах нь төрийн данхар бүтцийг улам томруулсан, хэн нэгэнд зориулсан санаачилга хэмээн үзэж байна.

Үндэсний даатгалын аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн оронд төрийн даатгалын тогтолцоог бий болгох гэж байгаа нь буруу юм. Төр өөрийн хувьчилсан даатгалын тогтолцоогоо дахин сэргээх гэж хичээхийн оронд хувийн хэвшилдээ итгэж бодлогын дэмжлэг үзүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг дүгнэв.

 

            Яамдын тоог 10 болгож, дарга нарын орон тоог 30 хувиар цомхотгохыг шаардав

Эдийн засгийг сэргээхийн тулд юуны өмнө төлбөрийн тэнцэл, ханшийн хямралаас гарах мөнгөний болон төсвийн бодлогыг боловсруулж УИХ-д яаралтай өргөн мэдүүлэхийг санал болгов. Ялангуяа төсвийн тэлсэн бодлогыг зогсоож, төрийн байгууллагуудын үр ашиг муутай бүтэц, орон тоог 30 хувиар цомхотгон, чиг үүргийн хувьд давхардсан яамдыг 10 хүртэл цөөлж, тэвчиж болох урсгал зардлыг бууруулан улсын төсөвт тодотгол хийх цаг болсныг санууллаа. Мөн валютын ханшийг тогтворжуулж, төгрөгийн ханшийг чангаруулах цогц бодлого хэрэгжүүлэх, нэгдсэн төсвөөс гадуур хяналтгүй зарцуулагдаж буй "Чингис" болон "Самурай" бонд, Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн төсөвт тусгах шаардлагатайг онцлов. Зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулах хөтөлбөр боловсруулж нэн даруй УИХ-аар батлуулах, үр ашиггүй “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг зогсоохыг ч МАН-ын бүлэг эрх баригчдад санал болгов.

 

Аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх санал дэвшүүлэв

Эдийн засгийн хямралын эсрэг татварын багц хуулийн төслийг боловсруулан 2014 оны 2 дугаар улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх, ажлын байр нэмэгдүүлсэн, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлыг нь харгалзан компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийг МАН-ын бүлэг санал болголоо. Мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэн аж ахуйн нэгжүүдэд ногдуулсан торгууль, алдангийг хойшлуулж дэмжлэг үзүүлэх, ТЭЦ-5, Төмөр зам, Оюутолгой, Тавантолгойн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт зөвлөв.

Цалин, тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг бууруулахыг санал болгов

МАН-ын бүлэг нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг байршуулж буй банкуудтай зөвшилцөж, тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг хөнгөлөх асуудлыг шийдвэрлэх, ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох хугацааг уртасгах, тэтгэмж авах нөхцөлийг зөөлрүүлэх эрх зүйн орчныг бий болгох санал тавилаа. Түүнчлэн цалин, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх ёстой гэж үзэж байна.

Бид хямралт байдалд хүргэсэн бодлогын алдаануудыг шүүн тунгааж сургамж авах учиртай. Бас хямралаас гарч, эдийн засгаа сэргээн хөгжүүлж, урт удаан хугацааны өсөлттэй, тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа.

МАН улс орны хөгжил, ард иргэдийн элбэг хангалуун амьдралын төлөө үндэсний зөвшилцлийг эрхэмлэж, Хөгжлийн тогтвортой бодлоготой болохыг улс төрийн хүчнүүд, тэр дундаа эрх баригч намуудад уриалж байна. Ингэхдээ асуудалд хариуцлагатай хандаж зөвийг дэмжиж, бодлого санаачилга, зөвлөмжөө хуваалцан ажиллах болно. 

МАН-ын бүлэг “Хүн шиг амьдарч улс шиг хөгжүүлнэ” гэсэн эрх баригчдын амлалтыг сануулж, алдаатай буруу бодлогоо үргэлжлүүлсээр байвал Засгийн газартай хариуцлага тооцож, ард түмнийхээ талд бат зогсох болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.