ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 28-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Зоонозын үндэсний төвийн хоёр Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийт 9,513 хүнд PCR шинжилгээ хийснээс 24  хүнд коронавиурс илэрлээ.

Үүнээс нэг нь ТИР машины жолооч. Энэ хүн арваннэгдүгээр сарын 16-нд Монголд ирсэн. Давтан шинжилгээнээс нь коронавирус илэрлээ.

Голомт бүхий өвчлөл бүртгэгдэж байгаа нутагт нийт 23 коронавирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн.  Улаанбаатар хотод таван тохиолдол бүртгэгдлээ. Үүний нэг нь өмнө нь халдвар авсан хүний ойрын хавьтлын нэг хүн. Дөрөв нь гэр бүлийн хүмүүс бөгөөд ойрын хавьтал. Тэд тусгаарлалтад байсан. Ингээд Улаанбаатар хотод нийт 75 тохиолдол боллоо.

  1. Баянгол дүүрэгт 21
  2. Сонгинохайрхан дүүрэгт 10
  3. Баянзүрх дүүрэгт 23
  4. Сүхбаатар дүүрэгт 12
  5. Хан-Уул дүүрэгт 7
  6. Багануур дүүрэгт 1
  7. Чингэлтэйд 1 тохиолдол бүртгэгдсэн байна.  Мөн есөн хороонд 21 тохиолдол болсон байна.

Орхон аймагт 22, Дорноговь аймагт 21, Говьсүмбэр аймагт гурван тохиолдол байна. Сэлэнгэ аймагт шинээр 7 тохиолдол нэмэгдсэн. Мөн Дархан-Уул аймагт 9, Архангай аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ хоёр тохиолдол нь Улаанбаатар хотоос эхтэй халдварын голомтод ирж эмчлүүлсэн хүмүүс” гэлээ. Дотоодын халдвар 341 болж байна.

Дотоодод гарсан 341 халдвар: (2020.11.29-ний байдлаар)

  • Сэлэнгэд 174
  • Улаанбаатарт 75
  • Дархан-Уулд 44
  • Орхонд 22
  • Дорноговьд 21
  • Говьсүмбэрт 3
  • Архангайд 2 батлагдсан тохиолдол байна.