Ялангуяа хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөд хохирол учруулах явдал гарсаар байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Тухайлбал урд шөнө 02:30 цагийн орчимд Энхтайваны гүүрэн дээр Nissan Navara маркийн автомашин гүүрний гэрлийн шон, бетон хашлага мөргөсөн. Жолооч эрүүл байсан бөгөөд гулгаж, мөргөсөн байна. Мөн өглөө 08:00 цагийн орчимд Энхтайваны гүүрэн дээр Toyota Highlander маркийн автомашин гүүрний гэрлийн шон мөргөсөн ослууд гарчээ.

Түүнчлэн өнөөдөр өглөө уулын замд Toyota Prius маркийн автомашин замын хашлага мөргөн онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй гэмтсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой. 

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30%-аар бууруулж зорчиход анхаарна уу.