Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд ажилладаг долоон хүн техникийн спирт хэрэглэж, дөрөв нь нас барсан талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр "Өчигдөр орой Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд золгүй тохиолдол гарсан байна. Архи уусан гэсэн өгүүлэмжтэй долоон хүний талаар мэдээлэл ирсэн бөгөөд нэг хүн газар дээрээ, гурван хүн сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэгдээд нас барсан. Гурван хүн нь одоо Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа. Нэг хүнийх нь биеийн байдал тааруу байна.

Эдгээр хүмүүс архи уусан гэж байгаа ч техникийн спирт хэрэглэсэн нь тогтоогдсон. Техникийн зориулалттай спирт ууснаас амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа" хэмээв.

Техникийн спирт нь маш хортой бодис бөгөөд архи болон этилийн спиртээс өнгө, үнэрийн хувьд ялгаагүй байдаг. 100 грамм цэвэр техникийн спирт нь үхэлд хүргэх аюултай байдаг аж.