Хөл хорионы өдрүүд үргэлжилж байна. Дэлхийг сандаргасан ковидын халдварыг дотооддоо алдчихлаа. Одоо дэлхийн улс орнууд цар тахлын үед яаж байна, яг тэр замаар алхахаас өөр арга бидэнд үлдээгүй. Цэнхэр гаригийн номтой эрдэмтэй бүхэн “Дэлхийн түүх коронагийн өмнө ба дараа гэсэн үечлэлд хуваагдана, хүн төрөлхтний назгай амьдралыг энэ удаагийн цар тахал огцом өөрчилнө” гэж ярьж хэлээд эхэллээ. Тийм ч байх.

Тахлын үед улс орнуудын төр засаг нэг л үүрэгтэй ажиллаж байна. Наад захын жишээ гэхэд л Европын орнууд байна. Хөгшин Европын төр баригчид тахлын үед эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, яаж амьдрах талын чиг зөвлөгөөг иргэддээ өгөөд багагүй хугацаа өнгөрчихлөө. Хоорондын зайгаа барь, маскаа зүү, гэр, оффистоо байнгын ариутгал хий, тэгээд ажлаа хий, аж төр гэсэн зөвлөгөө л өгч байгаа. Ганц Европ ч биш дэлхий даяараа төр засгууд ийм л үүрэгтэй ажиллаж байна. Тахлын үеийн төр засгийн үүрэг ерөөсөө л энэ. Үлдсэн нь иргэний буюу таны үүрэг. Маскаа зүүх нь, хоорондын зайгаа барих нь, оффис, гэртээ байнгын ариутгал цэвэрлэгээ хийх нь зөвхөн таны үүрэг. Таны маскийг зүүлгэх гээд араас чинь гүйх нь төрийн үүрэг биш л дээ.

Хоорондын зайгаа бариарай, тэгэхгүй бол вирусийн халдвар авах эрсдэл чинь нэмэгдэнэ шүү гээд байхад л тас тэврэлдэж оочерлоод байгаа тохиолдолд төр засгийг буруутгах аргагүй. Мэдээж иргэдийг биесээ тэврэн юунд ч юм дугаарлаж зогсохыг төр харсан тохиолдолд шаардлага тавиад ном дүрмээр нь дугаарлуулах л байх. Тэгвэл тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа төрийн албан хаагчид өөр хоорондоо салхи орох ч зайгүй шахцалдан дугаарлаж зогсоо иргэдийг хараагүй тохиолдолд яах вэ? Шуудхан хэлэхэд, энэ тохиолдолд төр ямар ч буруугүй. Шахалдан барин дугаарлаж оочерлосныхоо балгаар вирусийн халдвар авсан бол төрийн биш, тухайн иргэний л хохь болоод хоцорно. Хатуу ч гэсэн үнэн нь энэ.

Товчхондоо ухаалаг, ёс зүйтэй, жинхэнэ иргэн байсан тохиолдолд л эрүүл саруул, энх тунх амьдрахаас аргагүйд хүрснийг цар тахал бидэнд сургаж байна. Өөрийнх нь бүтээсэн өнөөдөр хэн нэгнээс хамаатай юм шиг сэтгэж, хэцүү хатуу аж төрж яваад нь өрөөл бусад буруутай юм шиг, гэгээлэг зүйлийг ч сөргөөр хүлээж авч сөрж л байвал бахтай кайфтай орших юм шиг санаж амьдарсаар ирсэн том гэм бидэнд бий. Өөрөөсөө алдаа гэм хайхаас урьтаж бусдаас өө сэв хайж аж төрж яваагаа энгийн л үнэн гэж эндүүрчихсэн алхаж яваа олон хүнд ковид сануулга өгч байна. Корона бидэнд “Та өөрөө хариуцлагатай, та өөрөө ухаалаг, та өөрөө ёс зүйтэй, та өөрөө хариуцлагатай байж тахлыг мэнд давна гээд тов тодорхой тод чангаар хэлээд өгчихлөө. Хэн нэгэн л миний өмнөөс үүрэг хүлээх ёстой, тэр намайг тэгж дэмжих ёстой, энэ намайг ингэж эвийлэх учиртай гэсэн үзлээсээ яг одоо салахгүй бол амьдрах аргагүй шүү гэчихлээ.

Учир ойлгох хэсэг “Зөв иргэн, зөв хүн байхыг яс маханд тултал ойлгуулж мэдрүүлж байгаа нь коронагийн маш том давуу тал” гэж олзуурхаж суугаа нь цаанаа ийм учиртай. Тэгэхээр коронагийн үед тахалд нэрвэгдчихгүйхэн шиг амьдрах цор ганц шалтгаан нь бид өөрсдөө болж таарч байна. Зарим газрын бие засах өрөөнд ороход “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэсэн бичиг хадаатай байдаг даа. Уг нь тэр өгүүлбэр ариун цэврийн өрөө төдийхөнд өлгөх бичиг биш л дээ, амьдралдаа мөрдөх ёстой энгийн хэрнээ гарцаагүй дүрэм юм.

Яахав, миний муу яваа нь, миний өвчин туссан нь тэрний энэний буруу гэж бусдыг буруутгаж өөрийгөө хуураад явахад сэтгэл хөнгөн байж мэдэх л дээ. Гэхдээ өөрийгөө хуурсны хохирол эргээд өөрт нь л буудаг хатуу жам бий. “Надад сайхан санагддаг” гээд архи ууж, тамхи татдагаа зөвтгөдөг хүмүүс хаа сайгүй таардаг. Өнөөхөндөө, тэрхэн зуурдаа сайхан ч эцэс хожим эрүүл мэнд сүйддэг гашуун үнэн ард нь бий. Эцэс хожим нь эрүүл мэндээрээ хохирох нь аль нэг төр засаг, хэн нэгэн биш өөрийгөө зөвтгөн зөвтгөн бурууд дурласан хүн өөрөө л байдаг. Зарим зүйлд өөрийгөө хуурахгүйгээр аж төрөхгүй бол өөрөө хохирдгийн бас нэг жишээ нь тахал. Цар тахлын үед хоорондын зайгаа барихгүй, маскаа зүүхгүй явснаасаа болж ковидын халдвар авбал хохирох хүн нь та өөрөө, таны ойр тойрныхон.