УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярыг гүтгэсэн гэх хэргийн шүүх хурал өнөөдөр  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хуралдаан дөнгөж сая шийдвэрээ гаргаж, Кёкүшюзан Д.Батбаярыг гүтгүүлсэн хэмээн үзжээ. Улмаар шүүх иргэн Ж.Алтанцагт 4 жилийн хорих ял оноосон байна. 

Энэ оны гуравдугаар сард Кёкүшюзан Д.Батбаярын ярианы бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан билээ. Уг бичлэгийг Ц.Алтанцаг гэгч нь анхлан бусдад тараасан бөгөөд  Д.Батбаяр түүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Улмаар Ц.Алтанцагийн уг үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12-1, мөн хуулийн 17.6-1 хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Энэхүү хэргийг шүүх хурал нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр эхэлж, өнөөдөр /2020.12.07/ хоёр дахь өдрөө үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. 

Шүүхээс Ц.Алтанцагийг  гэм буруутайд тооцон, дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг хуралд хохирогчоор Д.Батбаяр, Ц.Цэрэндорж нар оролцсон юм. 

Харин зарим иргэдийн зүгээс Ц.Алтанцагийн дэлгэсэн гэх бичлэг дээрх агуулга, зүйлсийг шалгаж, үнэн мөнийг тогтоох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм.