Архангай аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бөгөөд аливаа үйл ажиллагаа явуулах хориглох, хязгаарлалтын арга хэмжээг 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 14-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.

Батцэнгэл суманд халдварын 3 тохиолдол байна. 12 дугаар сарын 1-ний өдрийнхөөс хойш нэмж бүртгэгдээгүй байна. 

Батцэнгэл сумын гурван  тохиолдлын ойрын хавьтлын 74 хүн Батцэнгэл, Ихтамир, Өгийнуур суманд байгаа бол дам хавьтлын 855 иргэн гэрийн тусгаарлалтад байна. 

Ойрын болон дам хавьтлын иргэдэд PCR шинжилгээний сорьц авсан хариу ямар гарахаас шалтгаалж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах сулруулах эсэхийг 12 дугаар сарын 13-ны өдрийн АОК-ийн хурлаар шийдвэрлэнэ.

Батцэнгэл суманд тогтоосон хөл хорионы  дэглэмийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа. 

Бусад орон нутагт хөл хорионы улмаас саатсан иргэдээ татан авах ажил хийгдэж байна.

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврээр 1,475 иргэн, 39 тээврийн хэрэгсэл, хувийн тээврээр 285 иргэн 113 тээврийн хэрэгсэлтэйгээр орж ирээд гэрийн тусгаарлалтад байна. Аймгийн төвөөс 115 иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч 40 тээврийн хэрэгсэлээр гарсан. 

Өнөөдрийн байдлаар нийт 3,151 иргэнд PCR шинжилгээ хийгээд байна. 

Өнгөрсөн шөнө Жаргалант суманд нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шиинжилгээ авахад вирусийн сул эерэг хариу гарсан тул шуурхай штабаас хариу арга хэмжээ авч, PCR-ийн шинжилгээнд хамруулахаар сорьцыг зөөвөрлөөд байна гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.