Засгийн газрын ээлжит хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ хүрээнд өвөлжилт хүндэрч байгаа аймгуудад авах арга хэмжээний тогтоолыг баталжээ. Мөн цаг агаар хүндэрч байгаатай холбогдуулан улсын нөөцөөс 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг гаргаж өвөлжилт хүндэрсэн аймгуудын  малчдад тэжээлийг 50 хувь хөнгөлж, өвс үнэгүй олгохоор болсон талаар Шадар сайд Я.Содбаатар хэллээ. 

Шадар сайд Я.Содбаатар - "Намраас хойш улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээ хийсэн. 10 аймгийн 72 суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Үүн дотор Баянхонгор аймаг хамгийн эрсдэлтэй байгаа. Оторт явж байгаа нийт малчдад дэмжлэг үзүүлэхээр болсон. Зарим барааг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хууль батлагдсан. Уг хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ.

Хүнсний бүх төрлийн улаанбуудай, ургамлын тосны жагсаалт батлах асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдлээ. Улсын нөөцөөс 3,800 тонн өвс, 1,900 тонн тэжээлийг малчдад үнэгүй олгох ажлыг эхлүүллээ" гэлээ.