Монгол Улсын Ерөнхийлөгч цар тахлаас үүдэж, улс орон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн тул  энэ жил “Чингис хаан” одонг олгохгүй гэж мэдэгдсэн. Дэлхийн талыг эзэлж явсан их хааны нэрэмжит одон  Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед ийнхүү  хоёр дахь удаагаа “хоригдлоо”.

Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж гэдэг Монгол бахархлын өдрөөр олгодог энэ шагнал бол Монгол соёлын дархлаа юм.  Тиймээс эх орныхоо түүх, соёлын уламжлалыг  гүнзгий судалж, дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэг иргэнийг онцлон  хүртээдэг. Гэтэл тэрхүү дархлааг тасалж, уг шагналыг олгохгүй өнжинө гэдэг дургүйд хүчгүй гэгчийн илрэл, шалтаг гэдэг нь харагдана.

Учир нь Төрийн тэргүүн өмнөх хөл хорионы үед “Алдарт эх” одонг 21 аймаг, есөн дүүргийн эхчүүдийн энгэрт өөрийн гараар зүүж өгсөн. Тэр бүү хэл хаалттай хилээ “сэтлэн” өмнөд хөршид айлчилж, 30 мянган хонь бэлэглэх батламж гардуулчихаад ирж байв. Өнгөрсөн жилийн наадам, улс төрийн дараалсан сонгуулиуд  ч  хөл хорио, цар тахлыг  огт ажраагүй. Энэ удаа үнэхээр “Чингис хаан” одон  гардуулахад Covid-19-ийн  “хавьтал” болчих гээд байсан  бол  ядаж хэнд олгохыг зарлаж болох байлаа. Тэрийг нь хэвлэлүүд орон даяар түгээчихнэ. Цаг сайхан болохоор өдөр, цагийг товлож  гардуулна  гэхэд эсэргүүцэх хүн  гарахгүй. Харин ч цар тахлаас шалтгаалж  улс орон, нийгэм, хүмүүсийн амьдрал бүүдгэр байхад урам өгсөн, үндэсний бахархлыг сэрээсэн үйл явдал болох байлаа.

Дайны үед ч улс орнууд галын шугаманд эр зоригтнуудаа шагнаж урамшуулж ирсэн юм. Гэтэл бид  энх  цагт бахархлаасаа ухарна гэдэг байж боломгүй. “Чингис хаан” одон хүртэх шалгуур хангасан хүн гарсангүй. Ийм хүн алга гэдэг бол шуудхан хэлэхэд ард түмнээ басамжилж, гурван сая иргэнээ доромжилсон доромжлол. Гэхдээ Төрийн тэргүүн өөрөө ингэж санаагүй байх л даа. Аливаа  асуудлыг судалж, боловсруулж оруулах, танилцуулах, мэдээлэх  нь   Ерөнхийлөгчийн Тамгын газрын хариуцдаг  үүрэгт ажил. Тэдний хийж буй ажил нэг иймэрхүү. Зарим нь Ерөнхийлөгчөө  өөрийн өрсөлдөгч гэж хараад, нийгэмд сэтгэгдэл төрүүлэх, шүүмжлэлийн бай  “өгөөш”   болгох үг, үйлдлийг гаргаж байв.

 Тухайлбал, 2018 онд  “Чингис хаан” одонг бас л олгоогүй. Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан  З.Энхболд хэлэхдээ   “Чингис хаан одон”-гийн эзэнд төрийн бус байгууллага болон иргэдээс санал ирүүлдэг.  Энэ жилийн хувьд 5-6 хүний материалыг ирүүлсэн байсан. Гэхдээ энэ хүмүүс дунд өмнөх жилүүдийн “Чингис хаан” одонгийн эздийн шалгуур хэмжээнд хүрэхээр нэр дэвшигч байгаагүй учраас энэ жил “Чингис хаан” одонг гардуулахгүй гэж үзсэн. Энэ шагналыг заавал хэн нэгэнд олгох ёстой гэсэн зүйл байхгүй. Шалгуурт тэнцсэн хүн байх ёстой” гэсэн тайлбар өгч байв. “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн  бичиг баримт, материал нь  шалгуурт тэнцэхгүй байсан уу, тодруулсан  хүн нь таалагдаагүй юу гэдэг асуулт бий.

“Гарьд магнай” кинон дээр Богдын хатан “Миний бөх түрүүлэхгүй юм бол, би энэ наадмыг үзэхгүй” гэж хаяж гараад ард түмний   наадмыг бужигнуулдаг. Түүн шиг ард түмний нэр барьж, хувийн үзэмжээр олгодог, намын угшил, харьяаллаар  өгдөг шагнал яавч байж  таарахгүй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед ийм зүйл олонтаа давтагдаж байсныг эх сурвалжууд хэлдэг.  Өөрт нь таалагддаггүй  нэгэн эсвэл улс төрийн өрсөлдөгчөө, ойр тойрных нь хүмүүсийн  Төрийн шагналд  тодорхойлогдсон материалыг устгаж,    тэр бүү хэл өмнөх Ерөнхийлөгчийн үед шагнал хүртсэн хүмүүсийг тэр чигээр нь “хар дансанд”  оруулж, мэдээллийг нь устгасан явдал ч тохиолдож  байсан удаатай. Одоогийн Ерөнхийлөгч, түүний Тамгын газрынханд  тэр нь халдварлаагүй байлтай. Шагнал хавтгайрлаа, одон, медаль тараадаг явдлыг болих цаг болсон гэж зарим хүн хэлдэг. Энэ төрд гарсан хүмүүсийн бий болгосон гажуудлын үр дагавар байх. Нүдээ олсон шагнал бол  хийж бүтээх урмыг өдөөдөг. Ялгаагүй ард түмний нэгэн  бахархал. Улс үндэстнээрээ, түүх, соёлоороо бахархах дархлаа.

Энэ жил өнжөөд байгаа “Чингисийн одон” цаашлаад Төрийн соёрхол, аливаа одон медаль хэн нэгний, аль нэг намын өмч биш. Ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран  байгуулсан гавьяа, хийж бүтээсэн зүйлтэй эрхмүүдэд  төр  хайр хишгээ хүртээх ёстой.

Энэ бүхэн үзэмжээр, намаар, улс төрөөр олгодог шагнал уу гэвэл уг нь биш л дээ.  “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журам гэж бий.

Түүнд “Төрийн соёрхол хүртээхээр нэрийг нь дэвшүүлсэн шинжлэх ухаан, техник, технологи, архитектур, үндэсний соёл, урлагийн бүтээл, уран зохиол нь олны хүртээл болсон. Түүнийг олон түмэн сайн мэдэрч өндөр үнэлсэн, үйлдвэрлэлийн дээд амжилтад хүрсэн бүтээл, бүтээгдэхүүн нь хэмжээ, чанар хүртэц нөлөөллөөрөө урьд байгаагүй тогтвортой дээд үзүүлэлтийг хангасан байна” гэж заасан байдаг. Нэг алдаа нь хэн, хэрхэн шалгаруулж, тодорхойлдогт учир байдаг байж болох юм.

Уг журмын хоёрдугаар зүйл. “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэхэд

2.1.Монгол Улсын Ерөнхийлөгч дор дурдсан болзол хангасан иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнана. Үүнд:

2.1.1.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд;

2.2.Энэ журмын 2.1-т заасан шаардлага хангасан хамтлаг, иргэн, хуулийн этгээдийг Ерөнхийлөгчийн Тамгын газар судалж Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгон танилцуулна гэж тус тус заажээ.

Эндээс харахад ч нийгмээ чагнахад ч  “Чингисийн одон” хүртэх монгол хүн олон байна. Тухайлбал, таван тивийн долоон ноён оргилыг эзэлсэн уулчин Б.Гангаамаа хүртэж болохоор. Дэлхийн шилдэг мэс засалч, эрдэмтэн, их эмч О.Сэргэлэн гэж эмэгтэй  бий. Хатуухан хэлэхэд эмэгтэй хүнд олгож болохгүй гэж  хуульчлаагүй бол тэд  гарцаагүй авах гавьяатай. Энэ цагийн домогт эмч “Тархины” Батчулуун, дэлхийд томоохон  давалгаа болсон “Хамаг Монгол” төсөл, дандаа спортын хүнд өгөх юм гэж шүүмжлэхгүй бол Арлын Японыг шуугиулж буй идэрхэн их  аварга, хакухо  М.Даваажаргал гээд алдар цуутан олон. 

“Чингис хаан” одон хүртээх журмын  2.1.2-т заасан “Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн” гэснээс үзвэл Халимагийн алдарт туульч О.Цагаанзам, ӨМӨЗО-д амьдарч буй монгол соёлын зүтгэлтнүүд, дэлхийн монголч эрдэмтэд  өчнөөн байна.  “Чингис хаан” одон хүртэх хүн байхгүй  гэж  ард түмнээ бүү  басамжил, дэлхийгээр тархан суурьшсан элэг нэгт  монголчуудаа  битгий  доромжил.  

“Чингис хаан” одонг 2005 оноос хойш нийт 11 эрхэм, нэг  хамтлаг хүртжээ.

-2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат

-2006 онд Төрийн шаг­налт Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгж­мийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав

-2009 онд Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн

-2010 онд Удирдлагын академийн хүндэт профес­сор, Шинж­лэх ухааны гавьяат зүт­гэл­тэн Раднаа­сүмбэрэлийн Гончигдорж

-2011 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди

-2012 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл

-2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан  Думаагийн Содном

-2014 онд Академич Хавтгайн Намсрай

-2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо

-2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар

-2017 онд Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр

-2019 онд  “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин