ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.

Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 21-нд улсын хэмжээнд 12,357 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрлээ. 13 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтоос үүдэлтэй бөгөөд эмнэлгийн ажилтан хоёр, сахиур хоёр, өвчтөн дөрөв, гэр бүлийн хавьтал таван хүнээс халдвар илэрсэн байна. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,010 болсон бөгөөд 541 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 456 хүн эмчилгээнд байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 29, хөнгөн 420 байна" гэв. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй.