Нийтлэлийн эхийг баримтуудын хамт зохиогчийн Nyambaatar Erdenejargal нэрээр Facebook болон Мedium.com блогоос уншина уу!

Түрүүч нь https://dorgio.mn/p/125212

 

Корона вирусын халдвар буюу PCR-Teстээр юуг оношилдог вэ?

 

Өдгөө Корона вирусын цар тахал биш, харин PCR-тестийн цар тахал дэлхийг нөмөрлөө гэж эмч нар ярьж байна. Эерэг гэж тогтоогоод л нэг газар эрх чөлөөг нь хориод байдаг, сүүлд нь хууль зүйн асуудалд шийдвэр гаргагчид маань орох вий дээ! Өдгөө PCR-Test гэсэн товч нэртэй болсон оношлох технологийг анх Кери Малис гэдэг эрдэмтэн 1983 онд бүтээсэн нь “Reverse Transkription Polymerase-Chain-Reaction (буюу RT-PCR)” гэдэг нэртэй. Энэ аргаар маш бага хэмжээтэй “нэгэн үлдэгдлийг” биотехнологийн нарийн аргаар арай их хэмжээтэй болгон өсгөж аван цаашид “юм хийх” боломжтой болдог байна. Тэгэхээр PCR технологийг нэгэн төрлийн реактор буюу өсгөх арга гэж хэлж болно. Корона вирусын оношлогоог хийхийн тулд вирусын ген бүхий зурвас материалыг олж авахаар хүнээс сорьц авах ба энэ дээж нь өчүүхэн тул PCR техникийг хэрэглэдэг байна. Гэтэл олшруулж авсан материалд COVID-19 вирусын материал байгааг тогтоох боломжтой юу? Эсвэл багцаалдсан маягтай дүгнэлт хийдэг болох уу? Шаардлага хангасан багажийг хийж болно гэж үү? Технологийг нь зохиосон Кери Малис энэ бүхнийг үгүйсгэж байв.

 

Хүний биеэс олж авч, ихэсгэсэн материалд COVID-19-ийн вирус байгааг гарцаагүй нотлохын тулд харьцуулах материалтай байх ёстой. Одоо харьцуулж байгаа зүйл нь Хятадын Уханийн “Sars-CoV-2” нэртэй генийн код буюу ар араасаа залгаатай 30 мянга орчим генийн материал ажээ. Гэтэл одоо корона вирус мутацид ороод өөрчлөгдсөн гэж байдаг. Анхны хэлбэрээ өөрчилсөн гэнэ. Юуг юутай харьцуулаад байгаа хэрэг вэ? Оношлогоог бол дараахь байдлаар хийдэг байна:

Хэрвээ хүнээс авсан сорьцоос SARS -ийн бүлд хамаатай бусад вирусын ген илрээгүй, цаашлаад хүнээс авсан сорьц нь Уханийн генийн кодын нэгтээ хоёр удаа давхацвал хоёр шинж тэмдгийг оллоо гэж үздэг байна. Цаашлаад олсон энэхүү хоёр зурвас материалыг биохимийн нарийн аргаар “гэрэлтүүлж” буюу ихэсгэх ажлыг хийнэ. Ихэсгэх тохиолдол бүрийг цикль гэж нэрлэх бөгөөд циклийн тооноос хамаарч олсон вирусын „тоогоор“ эерэг, сөрөг гэсэн хариу гаргахаар “тогтжээ”.

Тогтжээ гэсэн нь улс орон бүр “үзэмжээрээ” тус тусын циклийн тоог тогтоодогт оршино. Цикль олшрох бүрт вирусын материалын олдоц ихсэх нь мэдээж. Германы эпидемиологич Анжела Шпелсбергийн үгээр бол PCR-Тестийн цикль 25-аас дээш бол ямарваа дүгнэлт хийх нь утгагүй ажээ. Тайландад циклийн тоог 3, Америкт циклийн тоог 40 гэж байснаа 30 болгосон гэх мэтээс эргэцүүлбэл, халдвар авсан хүний тоог их бага гэж дүгнэх нь улс төрчийн шийдэх ажил ажээ. Ийнхүү төрийн зүгээс “бид халдварыг хяналтандаа авсан” гэх мессеж цацдаг байна. Өвчнийг улс төржүүлнэ гэдгийн нэг жишээ энэ юм.

PCR технологиор оношлох аргыг мэргэжилтнүүд олон талаас нь шүүмжилдэг. Оношны ард логикийн алдаа байгааг ч мартаж болохгүй. Үүнийг тодруулахаар нэгэн жишээ татъя! Тахиа тэжээж байсан одоо тахиатай эсэх нь мэдэгдэхгүй ферм дэх тахианы нэгэн сууцан дахь өндөглөгч тахиаг COVID-19-ийн вирусээр төлөөлүүлье. Сууцны модон банзны завсраар гэрэл тусгаж хартал тахианы нэг өд олдов (I цикль). Ахин тусгахад өөр өд олдлоо гэх мэтээр 25 удаагийн циклиэр тодорхой тооны өд олж харвал эм тахиа байх тухай дүгнэлт хийхээр тогттол хүссэн тооны өд олдохгүй бол яах вэ? Циклиэ нэмэх үү? Цаашлаад өдний тоо хангалттай ч энэ нь тахиа уг сууцанд байгаа гэсэн үг биш. Хэдэн сар, жилийн өмнө тахиа байсан байж болно. Байлаа гэхэд азарган тахиа, өндөглөгч тахиа аль нь болохыг мэдэхгүй…

Эзэн хаанаа нүцгэн зогсч байгааг нь хэлдэггүй мэргэжлийн байгууллагууд маань нэг юм бодно байгаа! 

 

Левиафан

 

Өнөөдөр дэлхийн гэсэн тодотголтой хувийн байгууллагууд хүн төрөлхтнийг хувь заяаг шийдэхээр амбицлах болжээ. Үүнд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, ДЭМБ-ыг нэрлэж болно. Цаашлаад дэлхийд эпидеми гарахаас урьдчилан сэргийлэх ажилд инноваци авчрах эвсэл болох CEPI, түүнчлэн COVID-19-ийн вакциныг дэлхийн долоон тэрбум хүнд хийх зорилготой аварга байгууллага болох COVAX зэргийг нэрлэж болно.

ДЭМБ нь өдгөө нийт санхүүжилтийн 80 хувийг хандиваар бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Хандивлагч улс орнууд эм, вакцин зэргийг үйлдвэрлэж дэлхийн хэмжээнд борлуулдаг аварга компаниуддаа борлуулалтын зах зээлийг нээж өгөхийн төлөө мөнгөө зорилго заан „сайн үйлсийн төлөө” хандивладаг. 2018–2019 оны байдлаар АНУ нь өргөсөн хандиваараа нэг, “Билл & Мелинда Гейтсийн Сан” 2, Вакцин үйлдвэрлэгч “Gavi нэгдэл” гурав, Их Британи дөрөв, Герман тавд тус тус жагсаж байв. Вакцины ууган нэгдэл Gavi-г үүсгэн байгуулагчдын дунд Билл & Мелинда Гейтсийн сан багтана. Ер нь ДЭМБ, Gavi, SEPI, COVAX гээд бүхий л байгууллагад Билл Гейтс оролцохгүй үлдсэн удаагүй.

 

Хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө ажиллах эрхийг ингэхэд хэн хэний өмнөөс эдгээр байгууллагад олгочихов? Ард түмний амьдралыг сайжруулна гэж харайдаг харалган улс төрчдийг хүртэл ардчилсан сонгуулиар гаргаж ирдэггүй бил үү? Гэтэл зөвхөн мөнгөний хэмжээгээр өөрсдийгөө дэлхийн элит гэж дүгнэсэн цөөнхи нь компьютерийн үйлдлийн систем зохиосон тэрбумтантай нийлээд Та бидний хувь заяаг шийдэхдээ тулчихсан байдаг. Энэ юу болж байна ер нь?

Гегелийн философиор бол дэлхийн түүх гэдэг нь сэтгэлгээний түүх, оюун санаа өөрөө өөрийгөө танин мэдэх процесс гэдэг. Хүн хүүхэд ахуйгаасаа өөрийгөө, насанд хүрч гэр бүлээ, боловсрон гэгээрээд улс гүрэн, философи, урлаг, шашныг танин мэдэх диалектикийн хөгжилд орон эцэстээ туйлын оюун санаа болохоо ойлгодог гэдэг. Морьтой дүүхэлзэх Наполеоныг харсан Философич „морь унасан Дэлхийн оюун санаа“ гэж дуу алдаж байсан гэдэг. „Бид Та бүхэндээ зориулж гэж ярьж чадаж байгаа“ Билл Гейтсийг харахаар энэ үг санаанд буух боллоо. Вакцины салбарт бид ийнхүү defacto хаан эзэнтэй болчихов уу? Цаашлаад, Дэлхийн эдийн засгийн чуулган дээр уулздаг шилдэг 1000 бизнесмен болон төр засгийн тэргүүнүүдийг Английн философич Хоббсын “Левиафан(тай)” зүйрлүүлмээр болжээ. Левиафан гэдэг нь домогт гардаг хүчтэн юм. Левиафан болсон лидерүүд маань дэлхийн эдийн засаг, мөнгө, банкны системийг өөрчлөхөөр “Great Reset” товчлуурыг дарахаар айсуй. Цар тахлаас айсан бидэнд үүнийг анзаарах сөхөө даан ч алга.

Яагаад Үндсэн хуульт улсууд өнөөдөр ийм байдалд оров? Үндсэн хууль маань амьдралаас хол, мөнгөний хуваарилалтын шударга бус тогтолцоог хөндөлгүй, харин үзэл бодлоо чөлөөтэй „гонгинох“, жижигхэн улс төрч мэтийг авч хаях зориулалттай „жагсаал цуглаан хийх эрх“ мэтээр хязгаарлагддаг нь бид өнөөдөр туйлын оюун санаандаа хүрэх нь байтугай цөөнхийн Левиафанд боолчлогдоход хүрчээ. Германы эдийн засагч Норберт Херингийн „түүхийн судалгаанаас харахад, мөнгөний урсгалыг захирдаг хүн үндэстний эдийн засаг болоод нийгмийн хөгжлийг атгасаар иржээ гэсэн дүгнэлт, Амшель Ротшилдийн “Үндэстний мөнгөн тэмдэгтийг нь хянах эрхийг өгвөл хэн хууль батлах нь надад падгүй” гэсэн алдартай афоризм одоо л орой руу сэнгэнэх мэт. Санхүүгийн зах зээлээр дамжуулаад мөнгөний урсгалыг захирдаг Дэлхийн Левиафан нурж унах байдалд ирсэн учраас түүнийг аврахаар хийж буй арга хэмжээний эсрэг Та бид өнөөдөр юу ч хийгээд нэмэргүй боллоо. Эмчилж байгаа нэрээр эрлэгт хөтлөдөг эрүүл мэндийн систем, хангалуун амьдралын төлөө хөдөлмөрлүүлэх нэрээр шулдаг эдийн засаг дэлхийд бий болсноос болж системийн дотор махийтал зүтгэдэг иргэд энэ гаж тогтолцоонд боол болсноо мэдэхгүй байх нь аргагүй. Систем дотроо зүтгэдэг тул гаднаас харж, төсөөлөхөө яахин мэдэх билээ? Цөөнхийн аварга Левиафан нь далдаас Үндсэн хуульт Левиафанаа удирддаг, үгнээс нь зөрвөл залгидаг болохыг бидний үлгэр жишээ болгон дууриадаг Герман улсын Ерөнхийлөгч асан Хорст Кейлер, Кристиан Вульф нарын хувь заяа гэрчилнэ. Иймээс шударга бус мөнгөний системээ цахим мөнгөөр гагнан бэхлэх алсын зорилгодоо хүрэхийн тулд гэмгүй вирусээр толгой эргүүлж, хэрэггүй вакцинаар бүгдийг нь тарих аюул нүүрлэснийг анхааруулан, ниргэхээс нь өмнө амжиж хашгирахаар энэ нийтлэлийг бичсэн юм.

 

Мюнхений аюулгүй байдлын конференц, 2017 оны II сар

 

Мюнхений аюулгүй байдлын конференцийг Германчууд жил бүрийн II сард Дэлхийн эдийн засгийн форумыг залгуулаад зохион байгуулдаг ба энэ арга хэмжээний оролцогчид нь зөвхөн засгийн буюу төрийн тэргүүнээр хязгаарлагдахгүй. Дэлхийд глобаль хэмжээний бизнес босгож ирсэн Билл Гейтс, Марк Цукерберг нарын хүмүүсийг урин оролцуулна. Энэ нь ч үр ашгаа өгсөн нь Билл Гейтс хүн төрөлхтөнд учирч болох вирусын гаралтай цар тахлын үед авах арга хэмжээний бэлтгэл болох сургуулилтуудыг зохион байгуулахаар уриалснаас, түүний төлөвлөгөөг дэмжих шаардлагатайг дэлхийн улс төрчид ухаарснаас харагддаг. Ийнхүү 2018 оны тавдугаар сард “Clade X”, 2019 оны аравдугаар сард “Event 201” сургуулилтуудаар тус тус хийжээ. Билл Гейтсийн саналыг улс төрчид хүлээж авахад бэлэн байсныг геостратегийн нөхцөл байдал илтгэдэг. Жишээлбэл, 2017 оноос ажлаа эхэлсэн шинэ Ерөнхийлөгч Трамп дайн хийхгүй нь тодорхой болсон нь дайтаж мөнгө олох уламжлал тасрахад хүрч хохирол уджээ. Иймээс америкийн гадаад бодлогыг дайнаар тодорхойлдог Жон МекКейн нь Билл Гейтсийн өмнөхөн тавьсан илтгэлдээ, “Дэлхийд бий болгосон тогтолцоо маань нурж унахыг би зөвшөөрөхгүй” гэж цуурайтуулж, үүнд нь цугласан олон, засгийн газрын төлөөлөгчид, цэргийн өндөр албан тушаалтнууд нижигнэтэл алга ташиж байв.

 

Үргэлжлэл бий.

 

Эрдэнэжаргалын НЯМБААТАР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин