Ховд-Баян-Өлгийн  замд өнгөрсөн наймдугаар сарын  29-нд  ноцтой осол гарч  хүний амь нас хохирч, нэг эмэгтэй, хүүхдүүдийн хамт хүнд  гэмтсэн ч хэрэг одоо болтол шийдэгдсэнгүй. Хохирогчид замд зорчиж явсан иргэд атал Баян-Өлгийн прокурор хэргийн харъяаллыг одоо болтол шийдэж өгөөгүй. Иймд  Өлгий хот руу удаа дараа очиж мөрдөх ажиллагаанд оролцох зэрэг  чирэгдэл учирч байгаа аж.

Уг ослыг С.Нурболат гэгч үйлдсэн бөгөөд  Замын хөдөлгөөний дүрмийг удаа дараа зөрчиж, Зөрчлийн хуулиар олон удаа торгуулийн арга хэмжээ авагдаж байж. Тухайн үед  хурд хэтрүүлж, улмаар зогсох ямар ч арга хэмжээ авалгүй замын хажууд зогсч  байсан машиныг  мөргөсний улмаас  уг машин 13 метр хол шидэгджээ. Машинд байсан 0-5 насны гурван хүүхэд, ээж нь гэмтэж бэртсэн бол  тухайн  үед бусдад туслаад машин руугаа очиж явсан Г-ын амь насыг хохироожээ.

Хуульд зааснаар хэргийг хохирогч гэрчүүдийн олонхи нь байгаа газар ихэвчлэн шалгаж шийдвэрлэдэг. Гэвч хохирогчид  мөрдөн байцаалтын шатанд энэ талаар ямар нэг асуудал ярилгүй Баян-Өлгий аймагт шалгуулсан. Мөн өөрсдийн зардлаар  удаа дараа очиж  мөрдөх ажиллагаанд оролцжээ. Цагдаагийн газар, мөрдөгчид хэргийг шударга,  шуурхай шалгаснаар  мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Өмгөөлөгчийн зүгээс  аравдугаар сарын 4-нд ЭХХШТХуулийн 2.2.9-д ”Эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно” гэж заасны дагуу  хүсэлт гаргасныг  Баян-Өлгий аймгийн Хяналтын прокурор н.Өрен хүлээн авсан ч өнөөдрийг хүртэл  шийдээгүй байгаа аж.

Энэ талаар хохирогчийн  өмгөөлөгч Ц.Монголоос тодруулахад “Хүсэлт, материалыг би өөрийн биеэр хүргэж өгсөн. Тэгэхэд  манай Прокурорын газраас иймэрхүү харьяаллын асуудлыг олон шийдвэрлэдэг, бид хуулийн дагуу  шийдвэрлэнэ” гэж  хэлсэн. Иймд хэргийг үнэн зөвөөр шударгаар хянаж байгаа Прокурорыг ихээхэн хүндэтгэж, шударга байдалд нь итгэж, талархал илэрхийлээд явсан. Гэтэл бидний хүсэлтийг огт шийдвэрлээгүй, хариу ч өгөхгүйгээр, бидэнд мэдэгдэлгүйгээр, хэрэгт нэмэлт ажиллагааг мөрдөн байцаагчаар хийлгэсэн боловч бидэнд танилцуулахгүйгээр  Шүүхэд шилжүүлснийг бид саяхан олж мэдсэн. Прокурорын энэ хууль бус ажиллагааны улмаас хохирогчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. Тэгэхлээр, Прокурор н.Өрен, осол гаргасан этгээдийн хамаатан гэх  Увс аймгийн Прокурорын хяналтын прокурор н.Дина  нар хамт ажиллаж байсан, мөн өөр ч нөлөөлөл орсон байх магадлалтай гэж бид хардаж байна. Илтэд хууль зөрчиж доромжилж байгаа тул ингэж хардах ч эрхтэй” гэлээ. Мөн тэрээр  хэргийг нэгэнт шүүхэд өгсөн тул Баян-Өлгий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхэд хандаж, хэргийн харъяаллыг тогтоох үүргээ Прокурор биелүүлээгүй тул, харъяаллыг шийдэх талаар үндэслэл бүхий хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хуульд зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх ёстой. Гэтэл С.Нурболатад холбогдох эрүүгийн хэрэг  хүлээн авсан Шүүгч Х. Талгат нь ЭХХШТ хуулийн 33.1-д заасны дагуу урьдчилсан хуралдааныг хийж, улмаар хуулийн 33.1. 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаах, 33.1.1.4-д зааснаар хэргийн харъяалалын асуудлыг шийдвэрлэх ёстой байтал хууль зөрчиж С.Нурболатад холбогдох Эрүүгийн хэргийн харъяаллыг урьдчилсан хэлэлцүүлгээс өмнө шийдвэрлэж Захирамж гарган ЭХХШТ хулийг  зөрчиж, хохирогчдыг хохироохоор шийдсэн байгаа тул энэ талаар мэдээллийг дэлгэхээс өөр арга алга. Прокурор нь ЭХХШТ хуулийн   1.2 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг давж, хуулийн 1.2-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана”, Хуулийн 1.2-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэснийг санаатайгаар зөрчсөн нь ёс зүйгүй асуудал юм” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин