Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “Pfizer” компанийн коронавирусний вакциныг онцгой байдлын үед хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтад оруулснаа мэдэгдлээ.

“Ингэснээр улс орнууд уг вакциныг импортлох, тарих үйл явцыг өөрсдийн зохицуулалтаар түргэн эхлүүлэх үүд хаалгыг нээж байна” гэж ДЭМБ мэдээлжээ.

Мөн НҮБ-ын Хүүхдийн сан, Пан Америкийн эрүүл мэндийн байгууллагын хувьд шаардлагатай орнуудад түгээх вакцин авах боломжтой болох ажээ.

ДЭМБ вакцины аюулгүй байдал, үр дүнд өөрийн үнэлгээг хийсэн байна. Онцгой байдлын үед хэрэглэх зориулалт бүхий жагсаалтад бүртгэснээр “Pfizer” вакциныхаа талаарх мэдээллийг үргэлжлүүлэн гаргаж, ДЭМБ-д танилцуулах юм.

ДЭМБ-ын зөвлөх зөвлөл нэгдүгээр сарын 5-нд хуралдаж, вакциныг түгээх зөвлөмжийг гаргахаар төлөвлөсөн байна. 

“Pfizer”-ийн вакцинаар дархлаажуулах хөтөлбөрийг Их Британи хамгийн эхэнд буюу 12 дугаар сарын 8-наас эхлүүлж, хожим нь АНУ, Европын Холбооны гишүүд гэх мэт орнууд ижил шийдвэрийг гаргаад байгаа билээ. 

 

Э.Хулан

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг