Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна. Маргааш буюу энэ сарын 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 5-нд ихэнх нутгаар, 6-нд  нутгийн зүүн хэсгээр, 7-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 32-37 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.