Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн /2021.01.04/ ээлжит бус хурлаар нийслэлд мөрдөж буй “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг нэгдүгээр сарын 6-ны өдрөөс мөн сарын 11-ний өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл сунгасан  билээ. 

Дээрх шийдвэрийг УОК, ЭМЯ-ны дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, мэргэжлийн 11 байгууллагаас явуулсан 14 хоногийн хөл хорионы үеийн эрсдлийн үнэлгээг үндэслэн гаргасан байна.

Улмаар нэгдүгээр сарын 11-ны 06:00 цагаас зэрэглэлээ бууруулж, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг нээхээр төлөвлөж байна. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс арванхоёрдугаар  сарын 23-ний өдөр хүртэл явж ирсэн зэрэглэл буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилж эхлэх юм. Ингэснээр хоолны газрууд, бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээнүүд нээгдэж,  ахуйн барааны жижиг дэлгүүрүүд ажиллана. Харин хүн амын төвлөрөл, зорчих хөдөлгөөн их, эрсдэл өндөртэй учраас уушийн газар, саун, барааны зах зэрэг нэр бүхий 18 салбар ажиллахгүй.