Эрүүл мэндийн сайд Н.Удвал 10 дугаар сарын 31-ний өдөр Монгол Солонгосын Дорнын анагаах ухааны төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, нөхөн сэргээх хөдөлгөөн заслын кабинетийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Тэрээр юуны түрүүнд БНСУ-ын Засгийн газар, Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох КОИКА, энэ төслийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан БНСУ-ын Тэгү Ханну их сургуулийн профессоруудын баг хамт олонд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа талархаж байгаагаа илэрхийллээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Монгол, Солонгос хоёр орон бол Дорнын анагаах ухааны чиглэлээр ихээхэн баялаг туршлагатай. 1999 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Тэ Жүний манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газраас Дорнын анагаах ухааны төвийг өөрийн орондоо байгуулах тухай хүсэлийг гаргаж байсан. Үүний дагуу БНСУ-аас санхүүгийн дэмжлэг үзүүлэн 2001 онд тус төвийг байгуулсан. Монгол Солонгосын Дорнын анагаах ухааны төв нь уламжлалт анагаах ухааны үйлчилгээг үзүүлдэг ЭМЯ-ны харьяа цорын ганц төв. Өнөөдөр үйл ажиллагаагаа өргөжүүлэн, орчин үеийн тоноглол бүхий харвалтын болон хагалгааны дараах нөхөн сэргээх, хөдөлгөөн заслын кабинетыг байгуулж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байгаад талархалтай байна. Энэ нь Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр боллоо” гэв.

Сайд нээлтийн үеэр бас нэгэн баярлууштай зүйл болж байна гээд, Английн Манчестрийн их сургуульд нэг ангид сурч байсан, доктор, профессор Ю ирж, энэхүү төсөл дээр ажиллаж байгаатай таарснаа баяртайгаар танилцууллаа.

 Монгол, Солонгосын Дорнын анагаах ухааны төвийн шугамаар манай улсын эрүүл мэндийн салбарт олон чиглэлийн үйл ажиллагааг явуулжээ. Тухайлбал, хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу БНСУ-аас 20 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ирж ажилласан, 19 өвчтөнийг БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр мэс засал хийлгүүлж эрүүлжүүлсэн, нийт 213 200 хүнд үзлэг оношилгоог хийсэн байна. Одоогоор БНСУ-ын Засгийн газраас тус төвөөр дамжуулан 2,7 тэрбум төгрөгийн биет болоод биет бус хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламжийг үзүүлжээ.