Ахуйн гал түймрийн улмаас хоёр настай охин эндсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр 11:00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын Бадрал багийн “Чандагтай” гэдэг газарт оршин суух малчин Ш-ийн 5 ханатай гэр болон суудлын автомашин шатсан тухай мэдээлэл Онцгой байдлын газарт очсон байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн алба хаагчид, Уянга сумын Засаг даргаар ахлуулсан иргэд очиж 5 ханатай гэр, “Приус-20” загварын суудлын автомашин шатсан шалтгаан нөхцөлийг тогтоон ажилласан бөгөөд гал түймэрт 2 настай охин өртөж нас барсан тухай ОБЕГ-аас мэдээллээ.

 

ГЭРТЭЭ БАЙГАА ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ОСОЛ, ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

 

Түлэгдэхээс сэргийлэх

 

Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,

Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,

Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,

Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,

Зуухны тагийг заавал түгжиж байх,

Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.

 

Тогонд цохиулахаас сэргийлэх

 

Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,

Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,

Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах

 

Галын аюулаас сэргийлэх

 

Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.

Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.

Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах

Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх