Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн өмчит Нийслэлийн Улаанбаатар чуулгын байрын барилга нь анх 1987 оны 8 сарын 25-ны өдөр Залуучуудын өдрөөр нээлтээ хийн “Залуучуудын Соёлын төв” нэртэйгээр баригдан ашиглагдаж байсан бөгөөд зах зээлийн шилжилтийн үед урлаг соёлын үйлчилгээ явуулалгүй өөр зориулалтаар ашиглагдсан билээ.

Тус байранд 2010 оны 03 сараас эхлэн Нийслэлийн “Улаанбаатар” чуулга үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд үүнээс өмнө их засвар хийж байгаагүй аж.

Улсын төсвийн хөрөнгөөр Шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх “Ерөнхий сайдын багцын 50 тэрбум”-ын хөрөнгө оруулалтаар “Залуучуудын соёлын төв”-ийг шинэчлэн засч, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг залуучууд, гэр бүлийн хөгжил, эрүүл мэнд, танин мэдэхүй, урлаг соёлын бүхий л төрлийн сургалт, үйлчилгээг тэдэнд хүргэхэд тусгайлан бэлтгэн зохион байгуулжээ.

Мөн хүүхэд залуучуудад зориулсан номын сан, дуу, бүжиг, хөгжмийн зориулалт бүхий дуу шингээгчтэй өрөөнүүд, үзэсгэлэнгийн танхим, 650 хүний суудал бүхий үзэгчдийн танхимтайгаар шинэчлэн тохижуулсан байна.