Өнөөдөр өглөөнөөс эхлэн нийслэл хот даяар хөдөлгөөн хязгаарлан хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлсэн билээ. Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 14 салбарыг харахад 10 нь төрийн байгууллага, дөрөв нь харилцаа холбоо, мэдээлэл технологи, хүнс үйлдвэрлэл, түгээлт, худалдаа, эмнэлэг, оршуулга буюу буяны үйлчилгээний салбарынх байна. Энэ дөрвөн салбар 10-15 хувийн квот барьж, ажилчид нь хувийн автомашинаараа явна, гэхдээ аль болох цахимаар ажиллах нь зүйтэй хэмээн мэдэгдсэн.

Гэтэл тухайн салбарын ажиллах ёстой иргэд ажилдаа хүрч чадсангүй.Цагдаагийн албан хаагчид цаанаас өгсөн үүргийн дагуу хөдөлгөөнд оролцуулах боломжгүй гэснээс олон ажилчид ажилдаа очиж чадсангүй. Үүний нэг болох хэвлэл мэдээллийн салбарын олон ажилчид ажлын байрандаа хүрч чадаагүйгээс шууд дамжуулалтууд нь тасарчээ. Төрийн байгууллагын ажилтнуудад урьдчилж үүрэг өгөн ажлын байрандаа хонож ажиллаж байгаа аж. Гэтэл УОК-с ажиллах зөвшөөрөлтэй байгууллагын цөөн тооны ажилчид нь ажлын үнэмлэх болон ажиллах хуваарийн албан тодорхойлолтоо үзүүлэн хувийн унаагаар ажилдаа очиж болно гэж мэдээлсэн ч тэндий ажил, ам хоёр зөрсөөр өмнөх шигээ л ажлуудаа хийж байгаад олон хүн бухимдалтай байна.