Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын “Дэндүү дээ, дэндүү” уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 2- нд буюу өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно.

Тус тоглолтын талаарх хэвлэлийн хурал өчигдөр 11.30 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд болж зохион байгуулагчид дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд хүргэлээ. Цэнгүүнд хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын шилдгийн шилдэг дуунууд нь эгшиглэх бөгөөд үе үеийн нийтийн дуучдын төлөөлөл болсон 40 гаруй уран бүтээлч оролцож, ая дуугаа өргөх юм байна. Тэрбээр “Ээжээс ерөөл хүсэх дуу”,  “Эрийн сайхан хийморь”,  “Чойномын гунигт дуун” зэрэг бүтээлээрээ үзэгч, сонсогчдын танил болсон чадварлаг уран бүтээлч юм. Дашрамд сонирхуулахад тэрбээр “Гэгээн муза” наадмын шагналыг хоёр удаа хүртэж байсан аж.

Энэ эрхэм 1990-ээд оноос Монголын томчууд нааддаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин Хуур” наадмаас 3 түрүү, 12 их шөвөг авч бөхөөр бол аль хэдийнээ “Даян аварга” болсон шилдэг уран бүтээлч юм.