Нэг Засгийн газар огцорч дараагийн Засгийн газар байгуулагдаад тун удаагүй байна. Энэ үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн толгойлсон Засгийн газар хэрхэн ажиллах бол цар тахал өвчин гэрт ороод ирчихсэн цагт ямар шинэлэг ажил хийх бол бас уруудаж байгаа эдийн засгийг ямраар түшиж тулах бол гэсэн их хүлээлт байна л даа.

Шинэ Ерөнхий сайд танилцуулахдаа эрс шийдмэг ажиллахаа илэрхийлэн улс орон даяар хэрэгжүүлэх дөрвөн үндсэн зорилтоо түмэн олондоо хэлсэн юм. Эндээс харахад урьд нь аль нэг Засгийн газарт яригдаж байгаагүй зарим цогц ажил хийх юм шиг байна аа.

Урьд нь улс орны амьдрал хэвийн үргэлжлэхэд юу нөлөөтэй байв гэдгийг зөвхөн нүүрс, алт, зэс төмрийн хүдрийн экспорт л гэж хэлдэг, итгүүлэхийг оролдддог байв. Тэгвэл шинэ Засгийн тэргүүн нөхөн сэргээгддэггүй баялагт хувь заяагаа даатгах маягтай явж ирсэн байдал буюу уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг өөрчилнөө гэж байна.

Бас цахим засаглалыг тогтооно. Энэ нь улс төрийн хүрээнд хүнд суртал, авлигажсан тогтолцоог халах бодитой үндэслэл гээд хууль хэрэгжүүлэхэд шударга ёсыг бий болгоно гэсэн. Цаашлаад хоёр яам нэмж байгуулна гэнэ лээ. Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам гэж. Үүнийг нь нөгөө төрийн данхар бүтцийг улам томруулах нь гэж харах нэгэн байгаа болов уу.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ сайдын бодол өөр юмаа. Ингэхдээ орон тоо нэмэх биш төрийн бүх шатны байгууллагын ажил үүргийн давхардлыг арилгаж төрийн тэр данхар бүтцийг 30-40 хувь бууруулна. Энэ бол цорын ганц шийдэл гэж хэлсэн бий. Саяхан төр ОБЕГ, ЭМЯ-ны ажил байдалтай танилцаж явахдаа өмнө хэлсэн үгээ баталсан нэг олзуурхам үг амнаасаа унагасныг нь сонссон.

-Өнөөгийн зарим яам 100 гаруй албан хаагчтай. Тэгвэл түүний 30-35 нь л идэвхтэй ажиллаж яамны ажлыг нуруун дээрээ чирч явдаг нь нууц биш. Тиймээс өглөө ирж цагаа бүртгүүлчихээд юухан хээхэн хийсэн болж цаг нөгцөөж гарч, орж ажлын найман цагийг бардаг албан хаагч хэд байна гэдгийг олж тогтоох учиртай гэсэн юм.

Мөн чухал үг дээ. Өмнө нь хэн нэгэн Ерөнхий сайд ч юм уу, дээд албан тушаалтан ингэж хараагүй, харсан ч тэгж хэлээгүй дээ. Харин төрийн бүтэц данхар байна гэж ерөнхийлэн хэлсэн хүнийг хялайж хардаг байсан шүү дээ. Үнэн нь тийм. Тэгэхээр шинэ Ерөнхий сайдын төрийн бүтцийг 30-40 хувь бууруулна гэж хэлсэн нь биеллээ олох юм бол улсын төсвийн 20 хувийг идэж суудаг тэжээвэр маягтай хүний тоо эрс цөөрнө байх. Төрийн алба өглөө бүр эрт ажлаа эхлүүлдэг цоо шинэ жишиг тогтоохоор ажиллаж байна. Төрийн яам дотроо олон газар, албатай. Тэр нь өөр хоорондоо адилхан ажил, үүрэгтэй байдгийг хааяа сөхөж ярьдаг ч хэвээр  л өдий хүрсэн. Яамны доод талд чиглэлийн агентлаг байж байхад яаманд нь алба юм уу, хэлтэс байх жишээтэй. Энэ бол ажил үүргийн давхардсан орон тоо юм л даа. Ерөнхий сайд хэлсэндээ хүрч чадвал олон түмний нэг том хүлээлт биеллээ олно гэсэн үг. За тэгээд энэ удаагийн Засгийн газар хэрхэн ажиллахыг харах багц хүлээлт бас бий. Мэргэжлийн Засгийн газар хүчтэй байдаг гэж ярьдаг. Энэ үүднээс аваад үзвэл шинэ Засгийн газар тэр шаардлагыг хангаж чадсан уу. Арай л дутмаг. Сайд нар бүгд мэргэжлийн байж чадсангүй л дээ. Байгаль орчны сайдаар Н.Уртнасан гэдэг сэтгүүлч бүсгүй болов. Яахав өмнөх сайд нь ч мөн л сэтгүүлч хүн байсан биз. Тэгэхдээ Н.Уртнасангийн хувьд Д.Сарангэрэлээс ялгарах нь төрийн албанд нэг ч өдөр ажиллаж үзээгүй хүн юм билээ. Дам ярианаас сонсвол сонгуульд сэтгэл зүрхээ зориулж ажилласных нь шан сайдын суудал байлаа гэж олон түмэн хэлцэх юм. Тэгтэл бас Ч.Номин гэдэг бүсгүй Соёлын сайд болчихдог байгаа. Ямар замаар гараад ирэв гэж гайхахаар. Аавынхаа мөнгө, хөрөнгөнд умбаж явдаг түүнд бас нэг аз таарсан нь энэ болов уу гэж хүмүүс жиг жуг хийх.

Цар тахлын улмаас тэг зогсолт хийгээд байгаа урлагийн салбарыг өөд татах ажил уг нь телевизийн шоунаас өөр дөө. Харж л байя. Хүлээх цаг тун бага шүү дээ. Тэгэхээр мэргэжлийн Засгийн газар хэрэгтэй байсан гэж бодохуйд төөрсөн замаар ороод ирсэн мэт сайдууд хойшдын ажилд хөндөлсөх вий дээ гэсэн болгоомжлол төрөх юм.

Үүний гадна яг өнөөдөр ард түмэн нэг том хүлээлттэй байна. Тэр юу юм бэ гэвэл цар тахлын эсрэг вакцин. Түрүүчийн Засгийн газар, онцгой байдлынхны эхэлж ярьснаар бол өдийд угаас цөөн хүн амынхаа нэлээд хэсгийг вакцинжуулчихсан л байхаар хугацаа алдсан. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар болохоор вакцин өнөөдөр, маргаашгүй ирнэ. Гэрээ хэлэлцээр хийж байна гэж их хуурдаг байсан шиг санагдах юм. Цар тахалтай тэмцэж байгаа нь энэ гээд шинжилгээтэй л ноцолдож өдөр хоног барж ирсэн. Яахав өвчилсөн хүмүүсээ эмчилж эдгэрүүлсээр байгаа. Халдвар авагсдынхаа 60-65 хувийг буюу 1800 гаруй хүнийг эмчилж гаргалаа гэсэн тоо баримт хэлж байна лээ. Энэ бол том амжилт л даа.

Шинэ Засгийн газар байгуулагдаад цар тахалтай тэмцэх ажил эрс өөр болж хэдэн сараар ярьсан вакцинаа шуурхай аваад шуугиулах байх гэсэн. Бас л тэгсэнгүй. Авна, ирнэ гэж л байна. Энэ тухай асуулт гаргахаар ДЭМБ-ын хуваарь ёсоор вакцинаа авна гэж хариулах юм билээ. Тэр “Ковакс” хөтөлбөр гэдэг нь амждаггүй, аажуу хэтийн төлөвлөгөө шиг юм байдаг юмсан уу. Уг нь Монголд суугаа зарим орны элчин сайдуудын хэлснээр бол тун амархан амжчихмаар шиг санагдах. БНЭУ-аас вакцин өгөх боллоо л гэсэн. Бас ОХУ-ын Элчин сайд манай удирдах хүмүүстэй уулзахдаа:

-“Спутник-V” вакцин маань 100 хувь үр дүнтэй нь батлагдсан. Манай Засгийн газар ах дүүгийн харилцаат монголчууддаа нийлүүлэхэд бэлэн гэлээ л гэсэн. Тэр ч  байтугай үнэгүй өгөхөд ч болох юм хэлсэн байдаг юм. Гэтэл манайхан уухайс даа. Ядарсан эдийн засагтай оронд үүнээс өөр аятай юм хаа байхав гэхийн оронд ОХУ-ыг давуулж сарвайгаад л байх шиг. ОХУ-аас авахад цаг хугацаа их хэмнэнэ дээ наад зах нь. Уг нь авах хүн тонгойдог, өгөх хүн гэдийдэг гэдэг. Тэгтэл манайхан авах гэж байж гэдийгээд л байна уу даа.

Сүүлийн үед вакцин оруулахаар боллоо гэсэн чихэнд чимэгтэй үг дуулдав. Энэ сард вакцинжуулалт эхэлнэ ч гэх шиг. Тэгтэл дөрвөн төрлийн вакцин авчирна гэх юм. Энэ цөөн хүн амтай улс оронд чинь нэг л төрлийн үр дүн нь өндөр вакцин байхад болохгүй гэж үү. Дэлхийд олон төрлийн вакцин гаргаад байгаа юм гэсэн. Чанар чансаа нь янз бүр л гэж мэдээлэгддэг. Тэгэхээр тийм олон төрлийн вакциныг цөөн хүн амдаа туршиж туршилтын туулай болгох гэж байгаа юм уу гэсэн бодол төрөх юм. Баталгаа нь 70, 80 хувьтай гэсэн вакцин авчирлаа гэж бодъё. Цаана нь 100 хувийн үр дүнтэй вакцин байгаа гэхээр үүнийг чинь хийлгээд нэмэр байгаа юм уу гэх хүмүүс байвал яах юм бэ.

Эхний ээлжинд “Астра зенека”, “Фрайзер” гэсэн хоёр вакцин оруулж ирнэ гэнэлээ. Үр дүн нь 70 илүү хувьтай ч гэх шиг сураг бий. Ер нь дөрвөн төрлийн вакцин авна. Тэрнээс иргэд өөрөө сонголт хийж болно гэх. Ингэхээр аз туршина гэсэн үг ч юм уу мэдэхгүй. Бас Хятадаас вакцин авах юм шиг. Гэтэл урд хөршид хэсэг бүлгийнхэн хуурамч вакцин үйлдвэрлэж нэлээд ашиг олсон нь илэрсэн дуулдах юм. Үүнийг дуулсан хүн “хятадад үйлдвэрлэв” гэсэн вакцин байвал айж л таарна. ОХУ-аас тэр “Спутник-V” гэдэг өндөр үр дүнтэй вакциныг авахад ДЭМБ-ын зөвшөөрөл л гэх юм. Европ талдаа улстөржилт байгаа биз. Гэхдээ манайх чинь төртэй, Засагтай бүрэн эрхэт бие даасан улс шүү дээ. Гагцхүү манайхан гадныхны хараат байдлаас гарч чаддаггүйн нэг зовлон хэвээр юм шиг. Вакцин авах  мөнгө бэлэн гэж том дуугарцгаах юм. Бас зээл, тусламжийн мөнгө л дөө тэр нь. Манай улс олон төрлийн халдварт өвчнийг устгасан гэж ярьдаг. Тэр амжилт Оросын тусламжаар л хийсэн ажил шүү дээ.

1950-иад онд Оросоос Монголд дэлгэрсэн арьс өнгөний өвчнийг устгах гэж эмч мэргэжилтнүүд нь эм, тариагаа машиндаа ачаад ирж жил сараар суурьшин ажиллаж байсныг ахмад үеийнхэн мэднэ. Час улаан машинтай хүмүүс л явдаг байв даа. Улаанбурхан, салхин цэцэг гээд халдварт өвчнүүдийг оросууд л дарж өгсөн шүү дээ.

Үүнийг монголчууд сайн сайхнаар санагалздаг. Тэгвэл одоо энэ цар тахалтай чинь тэмцэхэд вакцинаар тусалъя гэж байгаа юм биш үүү. За тийм ээ. Хорвоогоор дүүрэн хүлээлтийн эхэнд яг энэ цаг үед вакцины хүлээлт хамгийн чухал нь байна аа.

 

 

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.ЦЭРЭННАДМИД

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин