Цагдан хорих үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан хоригдогсодын болон албан хаагчийн аюулгүй байдлыг хангасан орчныг стандартчилах шаардлага зүй ёсоор тавигдсаар байна. Сүүлийн жилүүдэд олон улсын болон дотоодын хүний эрхийн байгууллагуудаас тавигдаж буй шаардлагыг хэрэгжүүлэх, түүнчлэн хоригдогсодын зүгээс цагдан хорих байранд үйлдэж болзошгүй хэрэг, учралаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдан хорих өрөө, байрны зохион байгуулалтын талаар хүний эрх болон аюулгүй байдлыг хангасан түвшинд шинэ стандарт тогтоох шаардлага тулгарч байгаа аж.

Тиймээс Цагдан хорих 461 дүгээр анги нь дээрх зорилтыг бодит ажил болгох зорилгоор өнгөрсөн оны гуравдугаар улиралд хорих өрөөний дотоод болон орчны техник тоног төхөөрөмж, хамгаалалтын байгууламжийн стандартыг шинээр боловсруулан улмаар ШШГЕГ-ын дэмжлэгтэйгээр өнгөрсөн оны 10 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сарын хооронд бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусган ашиглалтанд оруулжээ.

Тус шинээр ашиглалтад оруулсан давхар нь хамгаалалтын хаалга, хананы шинэ загварыг бий болгосон, хорих өрөөний агааржуулалтыг өгөх авах үйлдэлтэйгээр, байгалын болон хиймэл гэрэлтүүлгийг хамтад нь шийдсэн, хамгаалалтын хаалганы цоожыг цахилгаан соронзон төхөөрөмжөөр хийсний зэрэгцээ хяналтын өрөөг хорих өрөөтэй зарлан мэдээлэх болон дуут дохионы системээр холбож өгсөн шийдлийг бий болгосон байна. Мөн хорих өрөөний дулааны хэмжээг хуулийн шаардлагад нийцүүлэх зорилгоор шалны халаалт, хоригдогч, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор галын дохиолол, телехяналтын IP системын дуран бусад хэрэгслээр тоноглосон. Цагдан хоригдогсодын ахуй нөхцлийг зохих түвшинд байлгах зорилгоор шинэ давхарт хоригдогсодын усанд орох өрөө хоёр, үс засах ахуй үйлчилгээний өрөө, хувийн эд зүйл хадгалах өрөө зэргийг бий болгожээ. 

Энэхүү шинэчилсэн давхарыг ашиглалтад оруулахын өмнөх танилцуулгын үйл ажиллагаанд ШШГЕГ, ХЗЯ, Нийслэлийн прокурорын газар, Дүүргийн 1,2 дугаар прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комиссын удирдлагууд оролцож,  Цагдан хорих орчны шинэчилсэн стандарт нь хүний эрхийн болон аюулгүй байдлыг хангах талаар оновчтой шинэ шийдлийг бий болгосон, олон улсын хэм хэмжээнд нийцсэн, технологын дэвшлийг үр дүнтэй ашигласан бодит бүтээн байгуулалт болсон хэмээн мэдэгдлээ.