Өнгөрсөн  2-р сард зураг авалтаа эхлүүлээд байсан найруулагч Б.Цогтбаярын бүтээл “Луйвар” монголын уран сайхны шинэ кино энэ сарын 7 ны өдөр бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна. 

   Кино группынхний ажил чамлахааргүй хугацаанд амжилттай явагдаж,  ийнхүү  үзэгч олонд нээлтээ хийх болсонд уран бүтээлчид баяртай байгаа юм. Манай нийгэмд улам бүр лавшин  бугшсаар буй  луйвар хэмээх хар толбоны “жатга”-ыг арилгахыг хүссэн үзэл санаагаар уран бүтээлч  н.Пүрэв зохиолоо бичсэн бол , найруулагч  Б.Цогтбаяр энэ санааг тод томруун харуулж, жинтэй уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхийг зорьжээ. СТА С.Ариунбямба, Ч.Ундрал, Баярхүү зэрэг жүжигчид гол дүрийг нь амилуулсан бол ерөнхий зураглаачаар Ц.Энхцогт, хөгжмийг Оки бичиж, эвлүүлэгчээр Э.Энхтулга хэмээх залуу ажиллажээ. Ямартаа ч сайн сэдэв, сайн уран бүтээлчдийн хөдөлмөрийн шимээр нэгэн  шинэ уран бүтээл үзэгч түмэнд тун удахгүй хүрэх нь. Энэ сарын  7-ны өдөр нээлтээ хийх “Луйвар”  киноны уран бүтээлчдэд  ажлын амжилт хүсэн ерөөе. 

Нийгэмд хүрэх кино мэссэж - “5W1H”

Нээлтээ хийхэд 3 хоног үлдээд байгаа “Луйвар” нэртэй уран бүтээл кино сонирхогч, шүүмжлэгчдийн анхаарлыг татаад эхэлжээ. Хэдий нээлтээ хийгээгүй байгаа ч “...сэдэв, өгүүлэмж, уг киноны нийгэмд олон нийтэд хүргэх үзэл санаа, ач холбогдол юу байх бол...” гэх мэтчилэн олон зүйлсийн талаар цахим ертөнцөд  хэлэлцүүлэг өрнөөд байна. Уг киноны нэрээр нэрлэгдсэн facebook хуудаснаа зочилсон зочид, уран бүтээлчид, залуусын хандлагаас харахад нийгэм олон нийт өөрөө ийм сэдэв, өгүүлэмж бүхий уран бүтээлчийг хүлээж байсан нь илт байх шиг. Уран бүтээлчдийн хэр чансаатай бүтээл туурвиснийг, кино уран бүтээлийн нийгэмд үзүүлэх ач холбогдол, олон нийтэд хүргэх мэссэж юу байхыг та бид 5-р сарын 7-ноос  өдөр бүр кино театруудын дэлгэцнээс үзэх боломжтой.