Монгол Улсын Засгийн газар 2021 оны 03 дугаар сарын 25 -ны пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хурлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар танилцуулж, халдварын тархалт нэмэгдэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж байгаатай холбогдон гарч буй нэмэлт зардлын төсвийн төсөл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин нэг сараар сунгах тогтоолын төслийг тус тус хэлэлцүүлэн батлуулав.

 

Коронавируст халдварын салбар дундын 22 дахь шатны эрсдэлийн  үнэлгээг мэргэжлийн байгууллагын төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 22 -ны өдөр хийсэн бөгөөд эрсдэлийн түвшин “МАШ ӨНДӨР” гэсэн дүгнэлт гарчээ.Иймд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаа 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсныг улсын хэмжээнд 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгаж, Засгийн газрын тогтоол гаргалаа.

 

Мөн Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулж хугацааг нэг сараар сунгав. Ингэснээр 2021 оны 05 дугаар сарын 01 хүртэл хилийн 14 боомтоор ачаа тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж, зорчих хөдөлгөөнийг хорьсон хэвээр байна.  Зөвхөн УОК-ын зөвшөөрлөөр зорчигчийг хил нэвтрүүлнэ.

 

 

Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд шаардагдах 5.9 тэрбум төгрөгийн нэмэлт зардлыг батлав

 

Уг нэмэлт төсвөөс гэрийн хяналт, тандалт хийх үйл ажиллагаанд дайчлагдан оролцож буй 773 резидент эмч, 227 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг 23 хоног дайчлан ажиллуулахад шаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, хоол, бичиг хэрэг, ариутгал халдваргүйтлийн бодисоор хангах зэрэг нийт зардалд 3.9 тэрбум төгрөг, дотоодын хавьтлын улмаас тусгаарлагдсан иргэдийн тусгаарлах байр хоолны зардалд 874 сая төгрөг,  нийслэлийн 84 дархлаажуулалтын цэг дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодист 50 сая төгрөг, БНХАУ-аас цар тахлын эсрэг вакцин тээвэрлэн авч ирэх тээвэрлэлтийн зардалд 276 сая төгрөг нийт 5.9 тэрбум төгрөгийг зардал шаардлагатай гэв. Үүнээс 3.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 2 тэрбум төгрөгийн зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэж, Шадар сайд болон Сангийн сайд нарт зөвшөөрлөө.

 

Байгалийн гамшигт өртсөн 80 өрхөд гэр олгоно

 

Энэ сарын 13-14-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон өрхүүдийн хохирлыг арилгах, малын сэг зэмийг зөөвөрлөн устгах болон нийслэлд КОВИД19-ийн эсрэг дархлаажуулалтын ажлын дайчилгаанд орон нутгаас татан ашиглаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад шаардагдах нийт 480 сая төгрөгийг улсын нөөц хөрөнгөөс гаргахаар болов.

 

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 13-14-нд болсон цасан болон шороон шуурга 16 аймгийн 154 сумыг хамарч, 24-40 м/с хүртэл ширүүсч, хүчтэй шуурчээ. Үүний улмаас нийт 531 гэр нурснаас 71 нь дахин сэргээх боломжгүй болж тухайн айл өрхүүд орон гэргүй болжээ. Иймд УОК-т ирсэн хүсэлтийг үндэслэн Архангай аймагт 1, Дундговь аймагт 50, Өвөрхангай аймагт 5, Булган аймагт 15, Нийслэлд 9 гээд нийт 280 сая төгрөгийн 80 ширхэг иж бүрэн гэр олгохоор боллоо.

 

Мөн Дундговь аймагт цасан болон шороон шуурганы улмаас их хэмжээгээр зүй бусаар хоргодсон малын сэг зэмийг устгахад зориулж 150 сая төгрөгийг өртөг бүхий 1 ширхэг дугуйт ачигч/ковш/ худалдан авах, КОВИД19-ийн эсрэг нийслэлд зохион байгуулж байгаа дархлаажуулалтад орон нутгаас ирж, дайчлагдаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад 50 сая төгрөгийн төсвийг тус тус зарцуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллэ