ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох нууцын зэрэглэл бүхий 40 хавтаст хэргийг хаалттай хэлэлцэх хурал Улсын Дээд шүүхэд өнөөдөр болж, 19.00 цагийн үед өндөрлөлөө.

Шүүх хуралдаанаас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн гэж үзэж дахин хянах шийдвэрийг гаргалаа.  

Мөн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж, шинэчилсэн хуулиар эрүүдэн шүүсэн гэдэг зүйлчлэлээр Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбат, Отгонбаяр нарт тус бүр нэг жилийн ял оноолоо. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ТЕГ-ын дарга Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд ял оноосон байдаг. Гэвч Давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, батлан даалтад гаргаад байсан юм. 

 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонсоод буй Т.Чимгээгийн төрсөн ах болох Т.Хүрэлбат энэ сарын 25-ны өдрөөс эхлэн дүүгээ суллахыг шаардаж, Д.Сүхбаатарын талбайд хугацаагүй өлсгөлөн зарлаад байсан юм. Тэгвэл түүний өлсгөлөн зарласан зорилго хөөсөн зүйл байсангүй.

Ямартай ч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж дахин хянахаар болов.  Харин Т.Чимгээгийн ар гэрийнхний зүгээс шинээр байгуулагдсан Засгийн газарт баярлаж байгаагаа илэрхийлж байна. Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 8 буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Т.Чимгээтэй уулзаж, нууцын асуудлыг олон нийтэд ил болгосноор өнөөдрийн нөхцөл байдлыг бий болох эхлэлийг тавьсан болохыг хэлж байлаа. 

 

Ч.Явуухүү

sonin.mn